Нүдний болор цайх өвчтэй хүмүүсийг үнэ төлбөргүй эмчилжээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-06-26 18:18:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНХАУ-ын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд “Бүс ба зам-Гэрэлт аялал” нүдний болор цайх өвчтэй хүмүүсийг үнэ төлбөргүй эмчлэх хөтөлбөрийг хоёр орны Улаан загалмай нийгэмлэг болон Цэргийн төв эмнэлэг хамтран амжилттай хэрэгжүүллээ. Төслийг Цэргийн төв эмнэлэгт өнөөдөр нээв.


 БНХАУ-ын явуулын үзлэг, оношилгооны автомашин тус эмнэлэгт энэ сарын 18-25-нд байрлаж, иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээ хийжээ. Энэ удаагийн үзлэгээр 800 гаруй хүнд хараа шалгах, даралт үзэх, уг дурандах, зураг авах зэргээр үйлчилж, 107 хүнд болор солих мэс ажилбарыг үнэ төлбөргүй хийжээ.  

Төслийн нээлтэд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хэлэхдээ, Улаан загалмайн нийгэмлэг хүмүүнлэгийн олон ажил зохион байгуулж ирснийг дурдаад Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн даргын хувиар "Чаожү" нүдний эмнэлгийн эмч нарт талархал илэрхийлсэн юм. 
Цэргийн төв эмнэлгийн нүдний кабинетын эмч Г.Сайхантуяа, “Хамтарсан үзлэг нь эмч нарт туршлага хуримтлуулах, харилцан суралцах, онолын мэдлэг болон туршлага, ур чадвараа дээшлүүлэх боломж олголоо. Мөн эрүүл мэндийн үзлэгийг шуурхай зохион байгуулж, шаардлагатай өвчтөнд их өртөгтэй мэс ажилбарыг үнэ төлбөргүй хийснээрээ цэргийн алба хаагч, бэлтгэл үүрэгтэн, иргэдийн эрүүл мэндэд үнэтэй хувь нэмэр оруулсан үр өгөөжтэй ажил боллоо” хэмээв.

Уг төслийн хүрээнд, 5 жилийн хугацаанд нүдний болор цайх өвчтэй 1000 орчим хүнд хүрч ажиллах аж.

Нээлтэд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, ӨМӨЗО-ы Улаан загалмай нийгэмлэгийн хүндэт дарга Бү Шао Лин, Хятадын улаан загалмай нийгэмлэгийн орлогч дарга Лянь Хуй Лин, ӨМӨЗО-ы УЗБ-ын намын нарийн бичгийн дарга, байнгын орлогч дарга  Ван Фан, Цэргийн төв эмнэлгийн удирдлага, хагалгаа хийсэн эмч нар, иргэд оролцов.


Гэрэл зургийг Б.Чадраабал







Холбоотой мэдээ