Хурдан торомны уралдаан боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багт "Монгол тэмээ 999"-д Хүндэтгэл үзүүлэх мялаалга уралдаан амжилттай болж өндөрлөлөө.
"Монгол тэмээ 999" мянган тэмээг уралдуулж генннисийн номонд бүртгүүлэх түүхэн арга хэмжээний түрүү, аман хүзүү, айргын тав, есдүгээр байр зэрэгт Өмнөговь аймгийн жанжин багийн уяачдын сойж уралдуулсан тэмээ шагналт байруудыг эзэлсэн билээ. Тэгвэл энэ өдөр тус уяачдад хүндэтгэл үзүүлэх хурдан торомны уралдааныг Жанжин багийнхан зохион байгуулжээ. Хурдан торомны уралдаанд нийт 29 тором уралдсанаас Тэргүүн байранд Сумын тэргүүн уяач Б.Хадбаатарын тором, Аман хүзүүнд О.Шинэ-Одын тором, айрагийн гуравт Сумын тэргүүн уяач Ж.Энхтайваны тором, айргийн дөрөв, тавд залуу уяач Ж.Барамсайгын тором, залуу уяач Б.Тэгштөрийн тором тус тус хурдалсан юм.
Мөн энэ үеэр Аймгийн сайн малчин, Аймгийн тэргүүн уяач Б.Түмэнбаярыг "Хүнс хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан" цол тэмдэг, Сумын тэргүүн уяач Б.Баянжаргалыг "Аймгийн тэргүүн уяач" цол тэмдгээр шагнасны зэрэгцээ нэр бүхий хүмүүсийг Монголын залуучуудын холбооны "Тэргүүний малчин залуу алтан медаль", аймгийн Засаг даргын Жуух бичиг-ээр тус тус шагнасан байна.
Хүрмэн сум энэ жил нийт 8557 тэмээ тоолуулжээ. Говь нутагт зохион байгуулагддаг тэмээний уралдаанд Хүрмэн сумын тэмээд сайн өрсөлдөж жил болгон тэргүүн байруудад шалгардаг. Тэгвэл энэ жил ийнхүү шилдгээ дахин баталж 1000 тэмээний уралдаанд хурдан тэмээгээр Хүрмэнчүүд манлайлсан юм.
Өмнөговь аймаг Н.Золбаяр