Ж.Батзандан: Найман шүүгчийг түдгэлзүүлэх саналаа ҮАБЗ-д хүргүүлсэн
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар “биднийг тамлан зовоож хэрэг хүлээлгэсэн” хэмээн мэдүүлж байжээ. Гэвч нэр бүхий найман шүүгч гурван шатны шүүхээр оруулж, дээрх хүмүүст С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт ял оноосон хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүүлийн үед УИХ-ын гишүүн Л.Болд ТЕГ-ын дарга асан Б.Хурцаас уучлал хүссэн гэх хуурамч мэдээлэл цацагдаж буйг тэрбээр мэдээллийн эхэнд онцлов. Энэ талаар ярихдаа, “УИХ-ын гишүүн Л.Болд Швейцарт ажлаар явж байгаа юм байна. Миний бие саяхан утсаар холбогдож дээрх мэдээллийн талаар тодрууллаа. Тэрээр Б.Хурцаас уучлал хүсэх шаардлага байхгүй гэдгээ илэрхийлсэн. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүх ажиллагааг явуулсан хүн Б.Хурц гэж хэлснийх нь төлөө Улсын дээд шүүхээс түүнийг Б.Хурцаас уучлал хүсэх ёстой гэсэн шийдвэр гаргасан. Энэ бол “хонгил”-ын шүүгчдийн гаргасан шийдвэр. Тиймээс Л.Болд гишүүн энэ шийдвэрийн талаар Улсын дээд шүүхийн дараагийн шатанд хандана гэдэг байр сууриа илэрхийллээ” гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өчигдөр нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн. Тэдгээр шүүгчийг авлигын гэмт хэрэгт холбогдсон тухай мэдээлэл ирж буйг УИХ-ын гишүүн Ж.Батзандан цааш ярилаа. Тэрбээр, “Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-тэй холбогдоход дээрх 17 шүүгчийг гэм буруутайд тооцсоны дараа Ерөнхийлөгч зарлиг гаргаж чөлөөлнө гэсэн мэдээлэл өгсөн. Одоогоор тэдгээр 17 шүүгчийн зөвхөн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Хэрвээ шүүхээс зарим нэг нь гэм буруугүй гэсэн шийдвэр гарвал эргээд ажилдаа томилогдоно” гэв.
Эдгээрээс гадна УИХ-ын таван гишүүн нэр бүхий найман шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа ҮАБЗ-д өгсөн тухай хэллээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэр, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүгч М.Алдар, С.Соёмбо-Эрдэнэ, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, Б.Цогт, Ц.Зориг, Ч.Хосбаяр, М.Батсуурь гэсэн найман хүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг хүссэн байна.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан цааш нь хэлэхдээ, “Эдгээр шүүгчийн талаар УИХ-д гомдол их ирсэн. Бүлэглэлийн талд ажиллаж байгаа тэдгээр шүүгч байгаа цагт шударга ёс тогтохгүй гэж иргэд үзэж байна. Учир нь, тэд С.Зоригийг хөнөөсөн хэргийг гурван шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн.
Эрүүдэн шүүх замаар нотлох баримт цуглуулахыг Эрүүгийн хуулиар хориглодог. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр эрүүдэн шүүсэн эсэхийг шийдвэрлэдэг. Гэвч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар урьдчилсан хэлэлцүүлгээр “биднийг тамлан зовоож, хэрэг хүлээлгэх ажиллагаа хийсэн” гэж мэдүүлсэн ч хэргийг гурван шатны шүүхээр хэлэлцүүлж, ял оноосон. Өөрөөр хэлбэл, Гүйцэтгэх ажлын тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг үндсээр нь зөрчсөн.
Түүнчлэн УИХ-ын нэр бүхий таван гишүүн Улсын Ерөнхий прокурор болон Улсын дээд шүүхэд 23 хэрэг шалгуулах хүсэлт гаргасан. Энэ 23 хэрэгт Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэргээс Шинжиан Шинфа компанийн 20 тэрбумын хэрэг хүртэлх томоохон хэргүүд бий. Гэвч эдгээр шүүгч Улсын дээд шүүхэд байгаа цагт дээрх хэргүүд шударгаар шалгагдах боломжгүй гэж үзсэн” хэмээв.
Мэдээллийн төгсгөлд сэтгүүлчийн асуултад тэрбээр хариулав.
-УИХ-ын таван гишүүн нь хэн хэн бэ?
-УИХ-ын таван залуу гишүүн гэж нэрлэдэг шүү дээ. Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар дээрх хүсэлтээ ҮАБЗ-д хүргүүлсэн.
-Нэр бүхий 17 шүүгчийг ямар үндэслэлээр түдгэлзүүлж байгааг тодруулна уу?
-ҮАБЗ зөвлөмж гаргаж, ШЕЗ хэрэгт холбогдсон шүүгчийг
түдгэлзүүлэх санал гаргах эрхтэй. ШЕЗ-ийн тайлбарласнаар, Салхитын мөнгөний
ордыг авах, шийдвэрлэх ажиллагаанд эдгээр шүүгчийн дийлэнх нь авлига авсан.
Зарим нь авлига авахыг оролдсон нь гүйцэтгэх ажиллагааны явцад тогтоогдсон гэж
байна. Энэ хүмүүсийн хэрэг шударга шүүхээр шийдэгдэх ёстой. Нэг зүйл тодруулж
хэлэхэд, Монгол Улсын хуулийн байгууллагыг бүхлээр нь харлуулж ойлгож болохгүй.
Учир нь олон зуун шударга прокурор, шүүгч, хуулийн ажилчид байгаа. Тэр
хүмүүсийн ажлыг бид үргэлж дэмжиж, хуулийн хүрээнд хараат бус байдлыг нь
хамгаалж ажиллах болно.