ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал НЭМҮТ-д зочлов

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-06-28 12:56:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Такеши Касай Монгол Улсад хийж буй албан айлчлалынхаа хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/-тэй танилцлаа.


Тус төвийн хамт олон Бүсийн захирал Такеши Касайг хүндэтгэн хүлээн авсны дараа ерөнхий захирал Д.Нарантуяа Монгол Улсын төрөөс нийгмийн эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, хэрэгжилт, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар танилцуулав. 

Бүсийн захирал Такеши Касай тус төвийн хамт олонд хандан мэндчилж, Шуурхай удирдлагын нэгж, Полимиелитын лабораторитай танилцлаа.
Мөн тэрээр монгол ахуйн нөхцөлд сайжруулсан зуухны ашиглалт, ДЭМБ-ын зөв хооллолтын зөвлөмжийг үндэсний онцлогт тулгуурлан “Гэр” зөвлөмж болгон боловсруулсан нь үр дүн өгч байгааг тусгайлан барьсан монгол гэрт бодитоор нь харсан юм.
НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэндийн албанаас явуулж буй ажил нь өнөөдөр хүн төрөлхтний өмнө хурцаар тулгамдаад байгаа цөлжилтийг бууруулж, эко орчин бүрдүүлэхэд чухал хувь нэмэртэй болохыг бэлгэдэн Такеши Касай тус төвийн ногоон төгөлд дурсгалын мод суулгаж үлдээлээ.  

Даяаршиж буй ертөнцөд хүн амын эрүүл мэндийн асуудал нэг улсын хүрээнээс хальж улам бүр дэлхий нийтийн шинж чанартай болж байгаа энэ цаг үед улс орнууд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг илүү өндөр түвшинд хөгжүүлэх шаардлагатай нүүр тулсаар байна.


Холбоотой мэдээ