Түрээстэй холбоотой дөрвөн асуудал хуулийн зохицуулалтгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-04-01 14:27:44

УИХ-ын гишүүн Г.Уянга энэ сарын 5-нд нээлтээ хийх хаврын чуулганаар Түрээсийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр Түрээсийн харилцааг зохицуулах судалгааны үр дүн, түрээсийн тухай хуулийн төслийг танилцуулж, санал авах уулзалт хэлэлцүүлгийг Төрийн ордны Иргэний танхимд зохион байгууллаа.

УИХ-ын гишүүн Г.Уянга хуулийн төслийн агуулга, ач холбогдлыг тодорхойлж хэлэхдээ “Сүүлийн хоёр жилд хэд хэдэн үе шаттай судалгаа хийлээ. Гурван хуулийн төсөл боловсруулаад нэгтгэснээ өнөөдөр танилцуулж байна. Түрээсийн ерөнхий нөхцөл байдлыг судлахад үл хөдлөх хөрөнгийн үнэ газрын үнэтэй холбогддог. Гэтэл өнөөдөр газар бараг 100  хувь төрийн өмчид байдаг. Төр энэ өмчид хайхрамжгүй хандаж байгаа байдлыг ашиглан хэн нэгэн этгээд үнэ цэнэтэй газар дээр барилга барьсаныхаа төлөө ашиг олж байна гэсэн дүн судалгаагаар гарсан. Тиймээс энэ дүгнэлт дээр үндэслэн түрээсийн асуудлыг зохицуулах боломж байна гэж харж байгаа. Түрээсийн бизнес өнөөдөр үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ихээхэн саад болж байна. Бараа бүтээгдэхүүний үнэд тодорхой хувиар нөлөөлж байна. Ард иргэдийн амьжиргаа доройтох зэрэг олон сөрөг үр дагаврыг дагуулж байна. Энэ бүх доголдлыг засч сайжруулахад уг хуулийн төсөл томоохон түлхэц болно хэмээн үзэж байна” гэлээ.

МИРИМ Консалтант ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Мөнх, “Түрээсийн харилцаа болон үйл ажиллагааны нийгэм, эдийн засаг, эрх зүйн орчны судалгааны танилцуулга” сэдвээр илтгэл тавьсан ба өнгөрсөн жилүүдэд манай иргэд үйлдвэрлэгч байхаасаа илүүтэй түрээсийн бизнес эрхлэх сонирхол өндөр, энэхүү үйл ажиллагаагаа явуулахдаа түрээслэгчдийн гэхээсээ өөрсдийн эрх ашигт асуудлыг нийцүүлж ирсэн гэдгийг хэлж байв. Тэрбээр, “Өнөөгийн орчинд түрээсийн үйл ажиллагаатай холбоотой 17 хууль, эрх зүйн акт байна. Гол тулгуур хууль нь Иргэний хууль юм. Одоогийн байдлаар дөрвөн асуудал зохицуулалтын гадна үлдээд байна гэж харж байгаа. Тухайлбал, үнэ цэнийг хэрхэн зохицуулах вэ гэсэн асуудал байна. Иргэн А тухайн рестораныг түрээсэллээ гэхэд ашиг орлого өндөр болох нь илт болох үед түрээслүүлэгч “Одоо манайх өөрсдөө ажиллуулна” гэсэн асуудлыг тавьдаг. Гэтэл үүнийг зохицуулсан заалт байхгүй байх жишээтэй” гэв.

Энэ үеэр мөн “Итгэлт-Эстимэйт” ХХК-ын Ерөнхий захирал Ө.Эрдэнэбаяр “Үл хөдлөх хөрөнгийн үнэ бүрдэлт, түрээсийн үнийн бүтэц” сэдвээр, Удирдлагын академийн мэргэжил дээшлүүлэх институтын захирал Я.Бямбасүрэн “Үйл ажиллагааны түрээсийн хуулийн драфтын танилцуулга” сэдвээр тус тус илтгэл тавьлаа.

Оролцогчдын хувьд хэлэлцүүлгийн үеэр тус тусын саналаа илэрхийлсэн бөгөөд дотоодын үйлдвэрлэгчдийн хувьд томоохон худалдааны төв, үйлчилгээний газруудад үндэсний бараа бүтээгдэхүүнийг нэгдүгээр эгнээнд байршуулж худалдаалдаг байх зохицуулалт шаардлагатай гэсэн бол зарим нь түрээслүүлэгчид барьцаа гэж 500 мянга, зарим тохиолдолд 3 сая төгрөгийг хураан авдаг. Гэтэл 5 жилийн дараа барьцаа мөнгөө буцаан авахад уг мөнгө ханшид идэгдсэн байдаг. Энэ мэт олон зохицуулалт шаардлагатай байгааг уламжлаад хуулийн төслийн талаар харилцан санал солилцов.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

 

Холбоотой мэдээ