Эмч нарын илүү цагийн мөнгийг ирэх сард өгөх шаардлагатай гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-04-01 15:07:54

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооноос өнөөдөр Төрийн ордонд эрүүл мэндийн салбарын цаг үеийн асуудлаар уулзалт зохион байгууллаа. Байнгын хорооны дарга Д.Батцогт энэ үеэр улаанбурхан өвчний дэгдэлт болоод элэгний В, С вирусын эсрэг хэрэглэж буй эмийн хангамж, үр нөлөө зэрэг асуудлаар мэдээлэл сонсч, холбогдох үүрэг даалгавар өгөв.

Уулзалтын эхэнд Эрүүл мэнд, спортын яамны Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Энхболд улаанбурхан өвчний талаар мэдээлэлдээ, өвчлөл 15-29 насныхныг болон 8 хүртэлх сартай хүүхдүүдийг хамарч байгаа. Одоогийн байдлаар нийт тохиолдлын 3 хувь нь эндсэн. Иймд 627 мянган хүн/тун вакциныг дагалдах хэрэгслийн хамт авахаар захиалга өгөөд байна. Түүнчлэн ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт нэн шаардлагатай байгаа 350 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг шууд худалдан авах гэрээ хийгээд эхэлсэн. Өвчлөл өндөр байгаа Увс, Сэлэнгэ, Ховд, Өмнөговь, Дорнод, Дархан-Уул зэрэг аймагт баг томилж гаргаад байна. Одоогийн түвшинд эмч нарын илүү цагийн мөнгийг шийдэх шаардлагатай. Нийтдээ 115 сая төгрөгийг дөрөвдүгээр сард багтаан олгох шаардлага үүссэн гэдгийг хэллээ.

Эмч мэргэжилтнүүдийн тайлбарлаж байгаагаар бол, сүүлийн 4 жил тухайн улсад эл өвчин гараагүй тохиолдолд тархалтыг зогсоосон хэмээн үзэж гэрчилгээ олгодог байна. Манай улстай цуг дөрвөн орон тус өвчний гаралтыг зогсоосонд тооцогдож, гэрчилгээ авч байсан ч мөн л дэгдэлт илэрсэн гэнэ. Өнөөгийн байдлаар манай хоёр хөрш болон нийт 16 оронд улаанбурхан гараад байгаа юм байна. Энэ өвчин амьсгалын замаар халдварладаг учир хаанаас ч дэгдэж болдог аж. Нэгэнт улаанбурхан өвчин дэлхийгээс устаагүй цагт гарсаар байх магадлалтай гэж байлаа.

Энэ үеэр мөн элэгний С вирусын эсрэг Харвон эмийн эмчилгээний талаар ЭМСЯ-ын Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд мэдээлэл хийлээ. Тэрбээр “ЭМСЯ-д зайлшгүй шаардлагатай эмийн долоо дахь жагсаалтад Харвони эмийг бүртгэсэн. Харвони эмийн үр дүн нааштай гарч байгаа. ХӨСҮТ-өөс дөрөвдүгээр сарын 15 гэхэд Харвони эмээр эмчилгээ хийлгэсэн бүх хүмүүсийн мэдээллийг нэгтгэж ирүүлнэ. Зарим хүн элэгний хатуурлын хэмжээнээс шалтгаан зургаан сарын турш уух шаардлагатай” гэв.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

 

 

  

 

Холбоотой мэдээ