Хөгжлийн бэрхшээлтэй хүнд лазерь эмчилгээ хандиваар хийжээ

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2019-07-02 17:26:04

“Ивэн” эмнэлэг “ХБНГУ-ын Фрейбург хотын “VENEN ZENTRUM freiburg” төвийг үүсгэн байгуулагч, Анагаахын шинжлэх ухаан (АШУ)-ы доктор, арьс харшлын мэргэжилтэй, мөчдийн судасны эхоны эмч, нөхөн сэргээх пластик мэс засалч Майкаль ХАРТМАН хүрэлцэн ирлээ” гэсэн (2019 оны 6 дугаар сарын 23) мэдээлэл сайтдаа байршуулсан байв. Тус эмнэлгээс үйлчилгээ авдаг өвчтөнүүдийн хувьд, дээрх мэдээлэл шинэ зүйл биш байжээ. Учир нь герман доктор 2018 оны 6 дугаар сард хоёр долоо хоногийн хугацаатай ирж, “Ивэн” эмнэлгийн эмч нартай хамтран судасны лазерь эмчилгээ, хатаах тариа хийж байсан аж. Энэ жилийн хувьд, тэрбээр ганцхан долоо хоногийн хугацаатай ирж байгаа нь энэ ажээ. “Ивэн” эмнэлгийн судасны эмч клиникийн профессор Д.Оюун урилгаар ирсэн доктор Майкаль Хартманыг Улсын нэгдүгээр эмнэлгийн уушгины тасгийн эмч нартай хийх уулзалтыг  (2019 оны 6 дугаар сарын 28) зохион байгууллаа.


Уулзалтын эхэнд “Ивэн” эмнэлгийн менежер н.Ганчулуун зочин Майкаль Хартманыг оролцогчдод товч танилцууллаа. Тэрбээр “Ивэн эмнэлэг 1992 оноос эхлэн судас, түүнтэй холбоотой эмчилгээ, үйлчилгээг  иргэдэд үзүүлж байна. Энэ хооронд олон улсын судас судлалын нийгэмлэгийн хуралд хоёр удаа  (2015, 2017 он) илтгэл тавьж оролцлоо. Мөн гадаад хамтын ажиллагааны хүрээнд мэргэжлийн чиглэлээр ХБНГУ-ын Фрейбург хотын “VENEN ZENTRUM freiburg” төвтэй хамтран ажиллаж байна. Майкель Хартман доктор өөрийгөө танилцуулна” гэв. Майкель Хартман “Манай эмнэлэг бүс нутгийнхаа хувьд, судасны хамгийн том төв нь байгаа юм. Төвд 38 эмч, туслахуудын хамт ажилладаг.  Жилдээ дөрвөн мянган мэс засал хийдэг.  “Ивэн” эмнэлэгтэй хамтран ажилладаг. Энэ эмнэлгийн эмч мэргэжилтнүүд өндөр мэргэшсэн, ур чадвар сайтай эмч нар. Гэхдээ бидний хамтын ажиллагааны үр дүнд тэдний мэргэжил мэдлэг, ур чадвар дээшилсэн, сайн нөлөөгөө үзүүлсэн гэж бодож байна. Эмч Б.Энхээ 2018 онд манай төвд очиж ажилласан. Тэндээс олон зүйлийг мэдэж авсан гэж ойлгож байна” хэмээн хэллээ.


Тэрбээр цааш  нь судасны бүлэн өвчнөөс айх хэрэггүй. Энэ бол эдгэрдэг өвчин шүү. Манай төв судасны мэс засал, эмчилгээ үйлчилгээг амбулаториор үзүүлдэг. Өвчтөнг удаан хугацаагаар хэвтүүлэх ямар ч шаардлагагүй. Ийм төрлийн өвчнийг эмчлэхэд аль болох хөдөлгөөнтэй байлгах нь чухал бөгөөд ингэснээр эмчилгээний үр дүн хурдан гардаг онцлогтой. Монголд 2018 онд ирж энэ эмнэлгийн эмч нартай хамтран ажилласан. Намайг ажиллаж байх үед М.Наранчимэг гэдэг эмэгтэй үзүүлсэн. Түүнийг манай эмнэлэгт очиж эмчлүүлэх боломжтой гэж хэлсэн юм. Тэр эмэгтэй манайд эмчлүүлээд ирсэн гэж ярив.


Майкель Хартман докторын төвд мэс засалд орсон М.Наранчимэг “Би 13 настайгаасаа эхлэн судасны өвчтэй болсон юм билээ. Түүнийгээ мэдээгүй явсан. Докторын зөвлөснөөр тэдний төвд очиж мэс засалд орсон. Мэс заслын үргэлжлэх хугацаа 30 минут орчим байсан болов уу” гэж ярилаа. Эмчлүүлэгчийн яриаг сонссон Улсын нэгдүгээр төв эмнэлгийн уушгины тасгийн эмч Төрбат “Энэ хүнд та яг ямар эмчилгээ хийсэн юм бэ” гэж асуув. Түүний асуултат Майкель Хартман ”Энд үзэхэд эход судасны өвчтэй хэсэг хаана байгаа нь харагдахгүй байсан юм. Ийм учраас манай эмнэлэгт оч гэж хэлсэн. Тэнд өөр аргаар өвчтэй цэгийг тодорхойлж мэс засал хийсэн. Холоос очсон тул манай эмнэлэг юмыг яаж мэдэх вэ гээд хэвтүүлсэн. Түүнээс биш ийм төрлийн мэс заслыг амбулаторийн журмаар хийдэг” гэсэн хариулт өгч байлаа.


Хөлийн гүний венийн судсанд үүссэн бөглөрөл (тромбоз) дээшээ өгсөж уушги, зүрх, тархинд харвалт өгөх эрсдэлтэй юм байна. Гэхдээ хөлийн судасны бөглөрөл голдуу  уушгины артерт харвалт өгөх өндөр магадлалтай гэнэ. Тийм учраас эдгээрийг нэг өвчин гэж үздэг ажээ. Ийм учраас хөлийн судасны болон уушгины эмч нарын  уулзалт зохион байгуулсан бололтой. Монголын уушгины эмч нарт, тухайн эрхтэнийг сайн эмчилдэг ч хөлийг анхаарахгүй (эмчилгээний оймс өмсүүлэхгүй) орхидог сул тал байдаг тухай судасны эмч  Д.Оюун, Майкель Хартман нар хоорондоо  ярьж байхыг сонслоо.

М.Наранчимэг судасны өвчтэй гэсэн онштой байжээ. Тэрбээр БНСУ-д очиж эмнэлгийн үзлэгт ороод мэс засал (хөл тайрах) хийх боломжтой. Гэхдээ 80 сая төгрөг шаардлагатай гэсэн хариу авчээ. Харин БНСУ-аас буцаж ирээд “Ивэн” эмнэлэгт хандсан юм байна. Тус эмнэлэг түүнийг Майкель Хартман эмчид үзүүлжээ. Түүнийг ХБНГУ-д тус төвд очвол хямд зардал (10 сая төгрөг)-аар эмчлүүлэх боломжтой гэсэн гэнэ. Тэр зөвлөмжийн дагуу 2019 оны хоёрдугаар сард өвчтөн М.Наранчимэг тэдний төвд мэс засал хийлгэснээр эдийн засгийн хэмнэлттэй төдийгүй, эрхтэн бүтэн үлдсэн бололтой.


Майкель Хартманы докторын үүсгэн байгуулсан ХБНГУ-ын Фрейбург хотын “VENEN ZENTRUM freiburg” төв судасны хэд хэдэн төрлийн эмчилгээг нарийн техник, технологийн тусламжтай хийдэг юм байна. Тэдгээрийн 50 хувийг  “Ивэн” эмнэлэг техник, технологийн хамт нутагшуулж чаджээ. Тухайлбал, мэс засал хийх, хатаах тариагаар тарих, лазерь эмчилгээг чанарын өндөр түвшинд хийх болжээ. Майкель Хартман болон тус эмнэлэгийн эмч нар 6 дугаар сарын 28-нд төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй 26 настай залууд хөлийн судасны лазерь эмчилгээг хандиваар (үнэ төлбөргүй) хийжээ.  




Холбоотой мэдээ