Оршуулгын газрыг бүрэн хашаажууллаа

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-07-03 10:38:43

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэрлэн сумын хоёрдугаар багийн нутагт байрлах хуучин оршуулгын газрыг хашаажуулах ажлыг бүрэн хийж дууслаа.

Тус хашаа нь 1400 метр урттай, дөрвөн буландаа суваргатай бөгөөд ОНХС-гийн 70 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар орон нутгийн “Алсын солонго” ХХК барьжээ.

Хэрлэн сумын хоёрдугаар багаас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч Д.Амгаланбаатарын санаачилгаар энэхүү ажил эхэлсэн бөгөөд тэрбээр “Аймгийн ИТХ-ын шийдвэр гаргах үйл ажиллагаанд зөвлөлдөх санал асуулгыг нэвтрүүлэх” буюу өөрөөр хэлбэл ИТХ шийдвэр гаргахдаа иргэдийнхээ саналыг хэрхэн сонсож, зөв шийдвэр гаргах талаар арга зүйг нэвтрүүлэх гол зорилготой төсөл хэрэгжүүлсэн юм.

Төслөөр тус багийн нутаг дэвсгэрт орших хуучин оршуулгын газрыг дахин төлөвлөх, цаашид оршуулгын үйл ажиллагааг хэрхэн зохицуулах шийдлүүдийн талаарх санал асуулгыг иргэдтэйгээ хэлэлцэн шийджээ. 

Үүний үр дүнд аймгийн ИТХ-аар төсөв хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлж, ийнхүү оршуулгын газрыг хашаажуулах ажил өрнөсөн байна.



Холбоотой мэдээ