ТҮЦ машинаас 3000 орчим иргэн лавлагаа авчээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-07-03 14:27:34

Завхан /МОНЦАМЭ/. Завханд төрийн ажлыг хөнгөвчлөх, иргэдэд төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх зорилго бүхий  ТҮЦ машинаар өнөөдрийн байдлаар 2890 иргэн үйлчлүүлжээ.
Энэхүү ТҮЦ машинаар үйлчлүүлэх иргэдийн тоо өссөн байгаа. Иргэд маань ч дуртай үйлчлүүлдэг. Учир нь цаг хэмнэдэг болохоор тэр. Өнөөдрийн байдлаар ТҮЦ машинаас 1461 иргэн иргэний үнэмлэхний лавлагаа, 1008 иргэн үл хөдлөх хөрөнгийн лавлагааг авсан байна. Түүнчлэн иргэд иргэний үнэмлэх болон нийгмийн даатгалын чухал баримт бичгүүдээ гээх, хаяж үргэдүүлчихээд дахин авахгүйгээр цахим машинаас зөвхөн лавлагаа авч бараг жилийн дараа баримт бичгээ авах тохиолдол гарч байна. Тиймээс иргэд цахим машины лавлагааг чухалчлахаас илүүтэй баримт бичгээ яаралтай заавал дахин авч байхыг сануулж байна.

Мөн 20 сумын улсын бүртгэгч нараар дамжин ирсэн эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлэхийг хүссэн 72 материалыг хүлээн авч 93 иргэнд улсын бүртгэлийн үйлчилгээг үзүүлээд байгаа тухай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс мэдээллээ. 

Төрийн үйлчилгээний цахим машин буюу Та бидний хэлж заншсанаар ТҮЦ машиныг одоогоос долоон жилийн өмнө Үндэсний Дата төвийн дэд бүтцийг түшиглэн анх үйлчилгээнд нэвтрүүлж байсан аж. Иргэд та бүхэн ТҮЦ машинаар дамжуулан дараах 24 төрлийн үйлчилгээг авах боломжтой юм.

Тодруулбал: санал хүсэлт, өргөдөл гомдол, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний, үнэмлэх захиалах, иргэний үнэмлэхийн баримт авах, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн, цахилгааны төлбөр, татварын лавлагаа, илгээмж оруулах, авах, баримт бүртгүүлэх, данс тохируулах, бүртгэлтэй баримтууд, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, Цагдаагийн Ерөнхий газрын "Жолоодох эрхийн лавлагаа", жолоодох "Эрх сэргээх лавлагаа", /2015 он/, эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа”, “Тэтгэврийн даатгалын шимтгэлийн лавлагаа”, “Тэтгэврийн эрх үүссэн эсэх” лавлагаа, “Нийгмийн даатгал ажил олгогч лавлагаа” /2017 он/, Монгол банкны “Валютын ханшийн лавлагаа” /2017 он/, орон сууц захиалах хүсэлт, ачааны авто машины зөвшөөрөл, хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа, бүртгэлгүйн лавлагаа, гаалийн байгууллагад өртэй эсэх лавлагаа, төрийн үйлчилгээний цахим системд нэвтрэх эрх гэх мэт лавлагааг авах юм байна. 

Холбоотой мэдээ