Д.Тогтохсүрэн: УИХ-ын ээлжит чуулганыг энэ сарын 5-нд хаана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг түр хойшлуулах болжээ.
Энэ талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, “Ерөнхийлөгч Х.Баттулга хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулах албан бичиг ирүүлснийг бүлгийн хурлаар хэлэлцэж дэмжсэн. Тиймээс УИХ-ын ээлжит чуулганыг энэ сарын 5-нд хааж, наадмын дараа буюу 16-наас ээлжит бус чуулган зарлах боллоо. Ээлжит бус чуулган зарлахын өмнө Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын баг, дэд багууд, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах юм. Эдгээр хурлаар УИХ-ын байнгын хороод болон ажлын багаас гаргасан зарчмын зөрүүтэй 100 орчим саналыг нэгтгэнэ. Ээлжит бус чуулганар хоёр дахь хэлэлцүүлгийг хийсний дараа ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг шийдэх юм” гэлээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга албан бичигтээ, “Ардчилсан Үндсэн хуулийн амжилт ололт, алдаа дутагдал ил байна. Амжилтыг ахиулж, алдааг засах нь Монголын төр, ард түмний үүрэг мөн, арга зам нь хуульдаа өөрчлөлт оруулж, сайжруулах гэдэгтэй маргаж буй хүн алга. Нөхцөл байдал ийм байхад долоо хэмжих асуудлыг нэг хэмжиж хэрхэвч болохгүй гэдгийг онцгойлон сануулъя. Миний бие нийт ард түмнээс сонгогдсон төрийн тэргүүний хувьд, Улсын Их Хурлаар хэлэлцүүлж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг албан бусаар олж авч, зохих хэмжээнд судалж танилцлаа. Авууштай ч зүйл байна, алдаатай ч зүйл байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг баяр наадмын өмнө яаран сандран хэлэлцэх бус наадмын дараа нухацтай хэлэлцэх шаардлагатай байна. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх чуулганд биечлэн оролцож, саналаа тусгайлан илэрхийлнэ” хэмээсэн юм.