Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-07-03 18:12:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 


Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын багийн танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4-т “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг өөрчлөх буюу нийт зүйлийн 35, түүнээс дээш хувийг өөрчлөх, эсхүл түүнтэй тэнцэх тоо хэмжээний нэмэлт оруулахаар байвал энэ нь Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх буюу хянан үзэхэд хамаарна” хэмээн заасан байдаг. Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төслөөр Үндсэн хуулийн 70 зүйлийн 275 заалтаас 20 зүйлийн 52 заалт буюу 28.5 хувьд нэмэлт, өөрчлөлт оруулж буйг Ажлын багийн танилцуулгад дурдсан.  УИХ-аас төслийг хэлэлцэхийг дэмжих шийдвэр гарсан даруйд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж,  иргэдэдээ төслийг танилцуулж, саналыг нь сонссон гэдгийг тэрбээр хэллээ. Түүнчлэн бусад нам, байгууллага, мэргэжлийн холбоодоос ирүүлсэн саналуудыг нэгбүрчлэн хэлэлцсэн болохыг танилцуулав.


Ажлын баг Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар та, Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар хоёр, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар хоёр, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар зарчмын зөрүүтэй 8 саналын томъёоллыг боловсруулжээ. 


Ажлын багийн танилцуулгын дараа УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Мөнхбаатар, Ш.Раднаасэд, Л.Болд, Ж.Ганбаатар, Н.Оюундарь нар асуулт асууж, хариулт авлаа.  


УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ гэдэг ч намын нөлөө, шийдвэр төрийн бүх шатны ажилд байсаар ирсэн. Иймд намын дотоод ардчиллын зарчимд сонгуулийн төв байгууллага, санхүүгийн ил тод байдалд нь төрийн аудитын байгууллага тус тус хяналт тавьдаг, зарим сонгуулийг улс төрийн намын оролцоогүйгээр зохион байгуулах хэрэгтэй" гэлээ. Тэрбээр ИТХ-ын сонгуульд зөвхөн иргэд нэрээ дэвшүүлдэг байх системийг нээх нь зүйтэй гэлээ. Ингэвэл ИТХ улс төрийн намын бус харин жинхэнэ иргэдийн төлөөлөл болж чадна гэж үзэж буйгаа илэрхийлэв.


Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар хэлэлцэн, батлах нь зүйтэй гэсэн саналыг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд гаргалаа. Харин УИХ-ын гишүүн Н.Оюундарь Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насны босгыг бууруулах нь байр суурийг илэрхийлсэн юм.


Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа ажлын баг болон УИХ-ын гишүүдээс ирүүлсэн зарчмын зөрүүтэй 33 саналын томъёололоор санал хурааж, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Холбоотой мэдээ