Ким Жөн Ун зенитийн пуужингийн туршилтыг удирдан явуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРПХЕНЬЯН. /TASS/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун эх орондоо бүтээсэн залуурт зенитийн пуужингийн шинэ төрлийн туршилтыг удирдан явуулжээ. Туршилт явуулсан полигонд түүнийг тус улсын Агаарын цэргийн хүчний командлагч, генерал Цой Ен Хо болон агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах анги нэгтгэлийн цэргүүд угтан авсан байна.
Солонгосын цахилгаан мэдээний төв агентлагийн /KCNA/ мэдээлж буйгаар, агаарын байг оновчтой устгадаг эдгээр пуужин нь “орчин үеийн цэргийн шинжлэх ухаан, технологийн бүх шаардлагад нийцжээ”.
Ким Жөн Ун туршилтын үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. Түүний хэлснээр, дээрх туршилт нь “улсын батлан хамгаалах тогтолцоонд шинжлэх ухаан, технологид гол анхаарлаа хандуулдаг” Солонгосын Хөдөлмөрийн намын бодлогын ач холбогдлыг харуулжээ. Туршилтыг хаана, хэдийд явуулсан тухай KCNA агентлагийн мэдээлэлд дурдаагүй байна.
Умард Солонгосын удирдагч маршал цолтойгоор Зэвсэгт хүчнээ удирддаг.
Д.Жаргал