Зүрх судасны эмийг 34-81 хувиар хөнгөлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-07-04 13:59:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн даатгалын сангаас иргэдийн зонхилон хэрэглэдэг эмийн үнийг 80 хүртэл хувиар хөнгөлсөн талаар ЭМЯ, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар/ЭМДЕГ/ өнөөдөр мэдээллээ.


Монгол Улсын эмийн бүртгэлд одоогийн байдлаар, худалдааны нэршлээр 5000 гаруй эм бүртгэлтэй байгаагаас 2000 орчим нь зайлшгүй шаардлагатай эм юм.

2018 онд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 24 дүгээр тогтоолоор “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаарлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г шинэчлэн баталж, энэ оны нэгдүгээр сарын 15-наас эхлэн мөрдөж байна. Энэхүү тогтоолоор худалдааны нэршлээр насанд хүрэгчдийн 638 нэрийн эмэнд 20-92 хувь, 5 хүртэлх насны хүүхдийн 174 эмэнд дунджаар 50-80 хувь хүртэл, нийт 812 эмийг хөнгөлж байгаа аж. Ахмад настны дийлэнх хэрэглэдэг зүрх судасны эмийг 34-81 хувь, тархины цусан хангамжийг сайжруулах эмийг 60 хүртэл хувиар тус тус хөнгөлжээ.

“Шинэчилсэн жагсаалтаар зүрх судасны эмгэг, даралт бууруулах, ходоод, элэг, цөсний өвчний үед зонхилон хэрэглэх болон тархины цусан хангамж сайжруулах зэрэг өргөн хэрэглээний 62 нэрийн эмийн хөнгөлөлтийн хувь хэмжээг ихэсгэж, 17 нэрийн эмийг шинээр нэмж, эм ханган нийлүүлэх байгууллагуудтай эмийн үнийн дээд хязгаарыг бууруулсан. Ингэснээр даатгуулагчийн хувиасаа төлөх төлбөрийн хэмжээ багасан, даатгуулагчид учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг бууруулж байна” хэмээн ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд ярилаа.


Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг "Өнгөрсөн онд ЭМДС-гаас эмийн хөнгөлөлт авсан даатгуулагчдын дийлэнх буюу 72 хувийг 5 хүртэлх насны хүүхдүүд болон 50-аас дээш насны иргэд эзэлж байна. Үүний 58 хувийг 50-иас дээш насны иргэд эзэлж байна. 2018 онд эмийн үнийн хөнгөлөлтөд 37.8 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2019 онд 33.9 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөсөн. ЭМДС энэ онд улсын хэмжээнд 1026 даатгалын гэрээ бүхий эмийн сангаар дамжуулан эмийн үнийг хөнгөлж байна. Эмийн сангуудын үнийн хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлдэг хугацаа богино байгаа талаар иргэдийн гомдол их гардаг. Энэ тухайд нийслэлд даатгалаар үйлчилж буй эмийн сангийн 20 орчим хувь, орон нутгийн эмийн сангуудын 60 гаруй хувь нь 14-өөс дээш хоног хөнгөлөлттэй үнээр эм олгож байгаа" гэв.


Хөнгөлөлттэй эмээр үйлчилж байгаа эмийн сангийн хаяг байршил, утасны дугаар зэрэг мэдээллийг ЭМДЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн 70101128 дугаарын утсаар холбогдож авах боломжтой юм.



Холбоотой мэдээ