УИХ-ын дарга З.Энхболд Төмөр бетон дэрний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenechimeg@montsame.mn
2016-04-02 15:45:45

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.04.02/ Сэлэнгэ аймгийн Сайхан суманд ажиллан, Улаанбаатар Төмөр замын Хөтөл дэх Төмөр бетон дэрний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав.

1997 онд ашиглалтанд орсон Төмөр бетон дэрний үйлдвэр үндсэн 7 цех, 150 ажиллагсадтай талаар тус үйлдвэрийн дарга Ү.Чинсүх Улсын Их Хурлын даргад танилцуулав. Тус үйлдвэр нь 2200 тн-ын багтаамж бүхий цементийн агуулахтай, нэг удаагийн зууралтаар 0,55-0,9 м бетон зуурмаг бэлтгэх албадмал болон чөлөөт уналтын зууруулуудтай юм байна. Цагт 190с-тай, 4 тн уур үйлдвэрлах хүчин чадалтай, гинжит ул ширэмтэй DZL-4-А-II маркийн технологийн уурын зуухтай. Олон улсын ISO стандартын шаардлага хангасан өндөр нарийвчлалтай багаж хэрэгслээр бүрэн тоноглогдсон чанар лабораторийн цех үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ.

Лаборатори цех нь физик механик туршилтын болон чанарын хяналтын хэсгүүдтэйгээс гадна бетон дэр, бетон хийц эдлэл тус тусад нь шарах зориулалтын 2 шарах камертай болохыг танилцуулж байв. Тус цех нь түүхий эд материал хүлээн авахаас эхлэн эцсийн бүтээгдэхүүн гаргах хүртэл үйлдвэрийн бүх процесст лабораторийн нарийн хяналт тавьж, үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүн бүрт чанарын сертификат олгож ажилладаг байна. Зуурмаг узель, шарах камер, технологийн уурын зуух, чанарын хяналт зэрэг гол гол дамжлага хэсэг дээрээ компьютерийн хяналт бүхий автомат удирдлагатай дунд механикжилттай үйлдвэр юм. 1997-2005 онд Монгол Улсын болон БНХАУ-ын технологи стандартаар “FZ” маягийн бетон дэр үйлдвэрлэжээ. 2006 оноос ОХУ-ын ША-05 маягийн “АРС” бэхэлгээт бетон дэрний илүү дэвшилтэт технологи нэвтрүүлэн ажилласан байна.

Үндсэн түүхий эдэд Монгол Улсын болон ОХУ, БНХАУ-ын М500 маркийн цемент ашигладаг. 5-10 мм-ийн фракцын дайрга, угаасан элсийг дотоодоос, 3 мм-ийн тусгай арматур, анкер, уян налархайжуулагч нэмэлт бодисыг гадаадаас авч хэрэглэдэг байна. Тус үйлдвэр нь тулагч мөрийн хэсэгтээ 170 кн, голдоо 110 кн ачаалал даах чадвартай, 40-50 жил ашиглагдах боломжтой төмөр бетон дэр, М150-М600 маркийн бетон, төмөр бетон хийц эдлэл үйлдвэрлэж байна.

Ээлжийн бус зохион байгуулалтаар ажиллахад жилд 65,0-75,0 мянган ширхэг бетон дэр үйлдвэрлэх хүчин чадалтай. Гүүр хоолой бусад хийцийн цех нь төмөр замын гүүр хоолойн дөрвөлжин хоолой, гүүрийн дам нуруу, үерийн хамгаалалт бэхэлгээний бетон гулдмай хавтан гэх мэт хийц эдлэл, барилгын суурийн блок, даацын болон даацын бус ялуу, холбооны болон эрчим хүчний шонгийн бетон хөл, явган зам талбайн өнгөт зүймэл блок, замын хашлагын бордюр зэрэг 20-иод нэр төрлийн бүтээгдэхүүнийг замын аж ахуйн нэгжүүд болон барилгын байгууллага, иргэдийн захиалгаар үйлдвэрлэн нийлүүлдэг байна. Тус үйлдвэр нь төвийн эрчим хүчний шугам, авто зам болон төмөр замаар холбогдон дэд бүтцийн ашигтай бүс болох Эрдэнэт, Дархан, Улаанбаатар хотуудын дунд Хөтөл хотод байрлаж үйлдвэрлэл явуулж байгаа нь давуу тал болохыг Улсын Их Хурлын даргад танилцуулж байсан юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ