Баянхонгорт бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-07-06 10:55:40

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг Ламын гэгээний түмэн өлзий гийсний 380 жилийн ойн хүрээнд 380 бүтээлч ажил өрнүүлж байгаа бөгөөд ой угтсан бүтээн байгуулалт, улс болон хувийн төсвөөр хийж буй хөрөнгө оруулалтын ажлуудтай аймгийн Засаг дарга Г.Батжаргалаар ажлуулсан ажлын хэсэг биечлэн танилцлаа.


Хотын төвд шинээр 2 км автозам тавьж байна
Аймгийн төвд шинээр 2 км автозам тавих ажлыг орон нутгийн “Их Богд Зам” ХХК гүйцэтгэж байна. Орон нутгийн өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, зорчигч тээвэрчдийн ая тухтай зорчих боломжоор хангах тус замын ажлыг хэсэгчлэн тавьж байгаа аж.
Замын чиглэлийг тодруулбал, 1 дүгээр багийн 18, 19, 61 дугаар байр хүртэл, хуучнаар Усны аж ахуйн гаднах зогсоол, 7, 9 дүгээр багийн спорт заал хүртэл, төв замаас Өвсний фонд хүртэл, дунд захын дундуур гэсэн байдлаар хэсэгчлэн тавьж байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар хөрс хуулалт, талбай тэгшлэлтийн ажлыг явуулж дууссан бол маргааш хучилтын ажлыг эхлүүлэхээр бэлэн байдлыг хангажээ. "Их богд зам" ХХК асфальт хучилтыг технологийн дагуу хийж, 7 дугаар сарын 20-ноос өмнө хийж дуусгаад Ламын гэгээний ойн өмнө ашиглалтад оруулах юм байна.


Зорчигч үйлчилгээний төвтэй болно
Хуучнаар тээврийн товчоо буюу баруун бүсийн зорчигчдын гол нэвтрэх гарцын дагуу Зорчигч үйлчилгээний төв байгуулж байна. Барилгын ажлын гүйцэтгэл 70 орчим хувьтай байгаа бөгөөд тус төвд авто тээврийн үйлчилгээ нэг дор төвлөрөх нөхцөлөөр хангагдах юм.
Зорчигч үйлчилгээний төвийг орон нутгийн "Номгон Оюу Бирж" ХХК хувийн хөрөнгө оруулалтаараа гүйцэтгэж байгаа бөгөөд ойгоос өмнө ашиглалтад оруулах юм.


Усан бассейн бүхий Спорт цогболорын барилгын ажил үргэлжилж байна
Орон нутгийн "RMB" ХХК хонгор нутгийн хүүхэд залуусын хөгжил дэвшилд томоохон дэвшил авчрах Усан бассейн бүхий Спорт цогцолборын барилгын ажлыг гүйцэтгэж байна. Нийт 9 тэрбум төгрөгийн төсвөөр байгуулах тус төвийн энэ онд зарцуулах төсвийн хэмжээ нь 2 тэрбум бөгөөд ондоо багтаан карказ угсралтын ажлыг бүрэн дуусгах төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байгаа аж.

1200 хүүхдийн сургуулийн барилга барьж байна
"Номундалай" цогцолбор сургуулийн хичээлийн байрыг шинэчлэн барих ажил өнгөрөгч зургаадугаар сараас эхэлсэн. 1200 хүүхдийн сургуулийн барилгыг орон нутгийн "Хаш Гоёо" ХХК гүйцэтгэж байна. Одоо барилгын суурийн ажлыг хийж байгаа бөгөөд ирэх оны зургаадугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.


Ахуй үйлчилгээний төв ойгоос өмнө ашиглалтад орно
Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж, ажлын байртай болгох зорилгоор эхлүүлсэн ажил бол Ахуй үйлчилгээний төв. Тус төв нь зоорийн давхраасаа гадна хоёр давхар барилга. Дотроо 30 гаруй өрөө танхимтай, зоорийн давхарт үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах иргэдийг ажиллуулах бол дээд давхрууддаа үйлчилгээний чиглэлээр ажиллах иргэдээ оруулж ажлын байраар хангах юм байна. Ахуй үйлчилгээний төвийг орон нутгийн "Эх бүрдэн" ХХК барьж байгуулсан ба Ламын гэгээний 380 жилийн ойгоос өмнө ашиглалтад оруулахаар болжээ.

280 хүүхдийн цэцэрлэг есдүгээр сард ашиглалтад орно
Орон нутгийн "Гал Хонгор" ХХК-ийн 2, 7, 9 дүгээр багийн дунд барьж буй 280 хүүхдийн цэцэрлэгийн гүйцэтгэл 80 хувьтай байна. Хөх толгой орчмын эцэг эх, хүүхэд багачуудын хамгийн ихээр хүсэн хүлээж буй тус цэцэрлэгийн нийт төсөв 1.9 тэрбум. Ирэх хичээлийн шинэ жил гэхэд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.


Өлзийтийн Цагаан хөтлийн 4.4 км автозамын ажил 10 дугаар сард дуусна
Улсын чанартай автозамыг аюул осолгүй болгох чиглэлтэй тус авто замыг орон нутгийн гүйцэтгэгч "Их Богд Зам" ХХК барьж гүйцэтгэж байна. Замын ажлын явцын хувьд давааг 9 м хүртэл доош нь ухаж намсгасан ба газар ухалтын ажил, ус зайлуулах байгууламжууд нь хийгдээд байгаа юм байна. Удахгүй хучилтын ажил эхлэх ба олон улсын стандартын дагуу хучилтыг хийж, ирэх 10 дугаар сараас ашиглалтад оруулна.


Өлзийт сумын шинэ сургуулийн ажил эхэллээ
Өлзийт суманд 240 хүүхдийн сургуулийн барилгын ажлыг орон нутгийн "Зүүн Шанд" ХХК барьж гүйцэтгэж байна. Одоо барилгын ажил 30 гаруй хувьтай байгаа ба ирэх 12 дугаар сард байнгын ашиглалтад хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байгаа аж.

"Эрдэнэмандал" сургууль ойгоо угтан гадна, дотор тохижилтын ажлыг хийж байна
"Эрдэнэмандал" ахлах сургуулийнхан түүхт 50 жилийн ойгоо энэ сарын 09, 10-нд тэмдэглэнэ. Тус сургуулийн хамт олон ойгоо угтаж сургуулийнхаа гадна ногоон байгууламжаа нэмэгдүүлж, элсэн талбай, тоглоомын талбай, гадна болон дотор орчноо шинэчлэн сайжруулж байна.


Архивын барилга удахгүй ашиглалтад орно
Төрийн архивын барилгын ажил өнгөрөгч онд эхэлсэн бөгөөд энэ сарын 15-нд улсын комисст хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэйгөөр гүйцэтгэгч "Навтгар хайрхан" ХХК ажиллаж байна. Барига ашиглалтад орсноор төрийн архив, сан хөмрөгийн халдашгүй дархан байдал, хадгалалт хамгаалалтын стандарт улсын хэмжээнд жишиг болох юм.

490 гаруй үзмэртэй гэр ресторан байгуулж байна
Өлзийт сумаас аймгийн төв орох замд байрлах "Өгөөж булган" жуулчны баазад 500 шахам үзмэр бүхий гэр ресторан байгуулж байгаатай аймгийн удирдлагууд танилцлаа. Тус газрын эздийн бүтээлч, сортой хобби нь ийнхүү нэн баялаг үзмэртэй зоогийн газар байгуулах өгөгдлийг бий болгожээ. Ийнхүү санаагаа төсөл болгож, төслөө Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгт хүргүүлснээр тодорхой дэмжлэг авч чадсан байна. 

2019 онд 290 айлын орон сууц барина
Баянхонгор аймагт энэ онд хувийн аж ахуйн нэгжүүдийн барьж гүйцэтгэх нийт 290 айлын орон сууцны барилга барьж байна. Аймгийн төвд сүндэрлэн босох хоёр дахь 9 давхрын барилгын ажил ид өрнөж буй. Ерөнхий инженерээр нь Хөшигтийн хөндийн инженерээр ажилласан чадварлаг боловсон хүчин ажиллаж байгаа бөгөөд хоёр блокоос бүрдэх тус барилгыг япон стандартаар барьж гүйцэтгэж байгаа аж. 
Биржийн зүүн талд байрлалтай "Номгон аппартмен" нь А болон Б гэсэн хоёр блок хэсэгтэй. Энэ онд А хэсэг нь ашиглалтад орох ба машины зогсоолыг хоёр блокыг нэвт холбосон доод зоориор шийдэж өгөхөөрөө онцлог.

Шинэ суурьшлын бүсийн ажил эхэллээ
Хотын төвлөрлийг сааруулж, утааг бууруулах цогц шийдэл гэж үзэн шинэ суурьшлын бүсийн ажил эрчимтэй өрнөж байна. Тэгвэл тус шинэ суурьшлын бүсийн ажил 640 хүүхдийн сургууль, 14 ортой эмнэлэг зэрэг барилгын ажлууд эхэлсэн. Эрчим хүч, холбооны утас шугамуудыг тавих холбох ажлыг хийсэн ба эмнэлгийн хувьд энэ онд ашиглалтад орох бол "Хөх бүрдний эх" ХХК-ийн барьж байгуулж буй 640 хүүхдийн сургууль ирэх оны зургаадугаар сарын 1-нд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна.

Холбоотой мэдээ