Норвегийн иргэд цахилгаан хөдөлгүүртэй автомашиныг илүүд үзэж байна

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2019-07-08 12:48:51

ОСЛО. /Business Insider/. Энэ оны эхний хагаст Норвег улсад худалдаалагдсан шинэ автомашинуудын тал орчим хувийг цахилгаан хөдөлгүүртэй автомашин эзэлснийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад ихээхэн өсжээ.


Норвегт хамгийн өндөр борлуулалттай цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслүүдийг “Tesla” компанийн “Model 3” загварын автомашин тэргүүлсэн байна.


Норвегийн зам тээврийн холбооноос мэдээлснээр, 2019 оны 1-6 дугаар сард худалдаалагдсан шинэ автомашинуудын 48.4 хувийг цахилгаан хөдөлгүүртэй автомашин эзэлсэн бол өнгөрсөн онд энэ үзүүлэлт 31.2 хувь байжээ.


Ойрын таван жилийн хугацаанд дизель болон бензин хөдөлгүүртэй автомашинуудын борлуулалтыг тэглэхийг эрмэлзэж буй Норвег улс цахилгаан хөдөлгүүртэй автомашинуудын татварыг бууруулж, замын хураамжийг багасгах зэрэг олон төрлийн хөнгөлөлтийг хэрэглэгчдэд санал болгож байгаа ажээ.


Ингэснээр Норвегийн иргэд “Tesla”, “Nissan”, “Hyundai”, “BMW” зэрэг компанийн бүрэн цахилгаан хөдөлгүүртэй автомашинуудыг хос хөдөлгүүртэй тээврийн хэрэгслээс илүүд үзэх болсон байна.


Сүүлийн үед бүрэн цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэдэггүй “Ford”, “Daimler” зэрэг компанийн Норвег дэх борлуулалт буурах болсон бөгөөд эдгээр компани 2020 оноос цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэж эхэлнэ хэмээн амлаад байгаа аж.


АНУ-ын Калифорни муж улсад төвтэй “Tesla” өнгөрсөн зургадугаар сард Норвегт 3760 автомашин худалдаалсан бөгөөд тус улс дахь хамгийн борлуулалт сайтай компаниар шалгарчээ. 

Холбоотой мэдээ