Ховд аймгийн музейд 3200 гаруй үзмэр бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-07-08 15:37:08

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг бол эртний түүх, соёлын арвин дурсгалтай. Тус аймгийн музейд 3200 гаруй үзмэр бий. Музейн үзмэр цуглуулгийн дийлэнх хэсгийг  угсаатны төрөл зүйл, шашин шүтлэг,  түүхэн гэрэл зураг эзэлдэг. Эдгээрээс зарим ховор үзмэрийг танилцуулж байна.  


                                        Халх эмэгтэйн толгойн гоёлыг хөөмөлдөх аргаар бүтээжээ



Халх эмэгтэйн толгойн гоёлыг 19-р зууны эхэн үед монгол дархан \гар урчууд\ хөөмөлдөх арга ашиглан өвөрмөц хээ угалз гарган бүтээжээ. Тодруулбал, мөнгийг хайлуулж хэвэнд цутгасан ба дээр нь алтаар нарийн хээ урлаж, шүрээр чимэглэсэн байна. Энэ толгойн гоёлыг Засагт хан аймгийн Дархан бэйлийн хошууны ноён Маньбазарын охин Бундар хэрэглэж байсан бөгөөд 1972 онд Ховд аймгийн Музейн үзмэр болгожээ.


                                                 Чулуужсан мод 200-300 сая жилийн настай 



Энэхүү чулуужсан ойм хэлбэрт модыг Ховд аймгийн Манхан сумын Хөх өндөр хэмээх газраас олсон бөгөөд насжилтын хувьд тус аймгийн нутгаас олдсон хамгийн эртний мод бөгөөд 200-300 сая жилийн настай гэж судлаачид үзэж байна. Тус чулуужсан модны урт 78 см, өргөн 43 см юм. 

                                                   Ховдын музейд хүний гавлын ясаар хийсэн “дамар” байна


Ховд аймгийн музейд шашин шүтлэгтэй холбоотой 560 гаруй үзмэр хадгалж байна. Үүнээс хамгийн өвөрмөц нь хүний гавлын ясаар хийсэн “Дамар” юм. Энэ дамрыг 19-р зууны дунд үед Түгээмэл амаржуулагч хийдийн лам нар бүтээжээ. Дамар нь шашны зан үйлийн хөгжмийн зэмсэг бөгөөд ганц гараар тоглоход зориулсан жижиг бөмбөр юм. Бөмбөрийг хоёр тийш хагас эргэлдүүлэх хөдөлгөөн хийхэд оосрын үзүүрт бэхэлсэн хоёр бөмбөлөг дамрын хоёр хацрыг дэлдэж бөмбөрдөнө. Дамрын нэг тал нь арга (лингам) нөгөө тал нь билгэ (йони) хэмээн үздэг. Хүний гавлын яс ашиглан хийсэн дамрыг гавжаас дээш цолтой лам хуварга хатуу зан үйлийн судар ном айлдах үед ашиглаж байжээ. Энэ дамрын голд “даржин” хэмээх урт, гурвалжин хэлбэртэй даавуу холбоотой байна. Даржин дээр есөн эрдэнийн чулуу, үндэсний хээ угалз  урлажээ. Ясан дамар тун цөөхөн бөгөөд 1970 оноос эхлэн Ховд аймгийн Музейд хадгалж байна.   





Холбоотой мэдээ