“Тэнгэрийн зурлага-монгол уран бичлэгийн гайхамшиг” төсөл хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-07-09 16:43:32

Ховд /МОНЦАМЭ/. Ховд их сургуулийн оюутнууд “Тэнгэрийн зурлага-монгол уран бичлэгийн гайхамшиг” төсөл амжилттай хэрэгжүүлж байна.

Төслийн үндсэн үйл ажиллагаа нь үе тэнгийн оюутан залуучуудыг тод үсгийн уран бичлэгийн сургалтад хамруулах, улмаар ахисан шатны бичээч бэлтгэх буюу уран зураг, хайчилбар зураг, компьютер графикийг уран бичлэгтэй хослуулан бүтээл туурвих, цаашид орчин үеийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадвартай болгоход чиглэж байгаа юм.

Энэ утгаараа монгол бичгийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, өв уламжлал, ёс заншлаа монгол уран бичлэгээр дамжуулан бүхий л насныханд сурталчлан таниулах зорилгоор “Тэнгэрийн зурлага-монгол уран бичлэг” сургалтыг анхан, дунд, ахисан шат зэрэг гурван үе шаттайгаар зохион байгуулжээ.  

Сургалтад ерөнхий боловсролын сургуулийн сурагч, оюутан залуучууд, насанд хүрэгчдээс бүрдсэн нийт 60 гаруй хүн оролцож, монгол уран бичлэгийн арга барил, ур чадварт суралцсан бөгөөд тэд бүтээлийн үзэсгэлэн гаргасан байна.  

Үүнээс сургалтын ахисан шатанд суралцагчдын бүтээлийн шинэлэг, давуу тал нь монгол уран бичлэгийг уран зураг, хайчилбар зургийн  урлагтай хослуулсан бүтээл туурвисан байлаа.

БСШУСЯ Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл” жил бүр оюутны санаачилгын тэтгэлэгт  төслийг сонгон шалгаруулж, дэмжлэг олгодог.  Энэ хичээлийн жил Ховд их сургуулийн Монгол хэл уран зохиолын II ангийн оюутан Н.Золзаяа ахлагчтай “Тэнгэрийн зурлага-монгол уран бичлэгийн гайхамшиг” төсөл шалгарч, монгол уран бичлэгийн сургалтыг орон нутагт анх удаа эхлүүлсэн нь энэ юм.

Тус төслийн баг 4 гишүүнтэй бөгөөд тухайн оюутнууд уран зураг, хайчилбар зураг, программ хангамжийн сургалтад давхар хамрагдаж өөрсдийн ур чадварыг дээшлүүлсэн төдийгүй монгол уран бичлэгийг компьютер график буюу фото шоф програмтай хослуулсан бэлэг дурсгалын зүйлс хийж суралцагчдадаа хадгалуулсан нь бас нэгэн шинэлэг тал байлаа.   

Цаашид төрөл бүрийн загвар, хийц бүхий Монгол бэлэг дурсгалын зүйлс хийх боломжтой болжээ. Мөн монгол бичгийн бийрэн  зурлага  төдийгүй  эх оронч үзэл, хичээл зүтгэл, тэсвэр хатуужил, цаг хугацаа, эгшин мөч бүрийн жинхэнэ мөн чанар, үнэ цэнийг ойлгож, гагцхүү  тэрхүү зүйлст суралцаж чадсан гэж  төслийн багийнхан  ярьж байна. Энэхүү төслийн үйл ажиллагаа ирэх 12 дугаар сар хүртэл үргэлжилж монгол уран бичлэгийн гайхамшигийг хүүхэд багачууд, оюутан залуучууд, иргэдэд түгээн дэлгэрүүлэх юм. 














Холбоотой мэдээ