“Асианa Эйрланс” Монгол руу анхны нислэгээ үйлдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-07-10 09:24:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын иргэний агаарын тээврийн “Асианa Эйрланс” компанийн онгоц манай улс руу анхны нислэгээ үйлдэж, өчигдөр буюу энэ сарын 09-ний 23.50 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.


“Асианa Эйрланс”” нь A330-300 маягийн 290 хүний суудалтай агаарын хөлгөөр 7 хоногийн мягмар, пүрэв, бямба гарагт тогтмол нислэг үйлдэх юм. Ийнхүү зорчигч урсгал ихтэй БНСУ-ын чиглэлд агаарын тээвэрлэгч нэмэгдсэнээр Монгол Улсыг зорин ирэх БНСУ-ын төдийгүй, дамжин ирэх гадаадын иргэд, гадаад орныг зорих Монгол иргэдэд үзүүлэх нислэгийн үйлчилгээний чанар сайжрах, нислэгийн компаниудын дунд өрсөлдөөн бий болж тасалбарын үнэ хямдрах зэрэг ач холбогдолтойг албаны хүмүүс хэлж байна.  Түүнчлэн Монгол Улс болон БНСУ-ын харилцаа эрчимтэй хөгжиж буй өнөө үед хоёр улсын хооронд үйлддэг нислэгийн тоо, давтамж нэмэгдэж байгаа давуу талтай. 


“Асиана Эйрлайнс” нь 1988 онд үүсэн байгуулагдсан, дэлхийн шилдэг компаниудын нэг юм. Улаанбаатар чиглэлийн нислэгээрээ дамжуулан манай улсын хууль тогтоомжид нийцсэн үйл ажиллагааг явуулж, шударга өрсөлдөөнд манлайлж, үйлчилгээний өндөр стандартыг агаарын тээврийн салбарт нэвтрүүлэн, аюулгүй ажиллагааг эрхэмлэн ажиллана гэдгээ тус компанийн төлөөлөл онцлон мэдэгдэж байна.

Анхны нислэгээр "Асиана эйрлайнс" компанийн захирал ноён Хан Чанг-Соо манай оронд хүрэлцэн ирсэн юм. Түүнийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, ЗТХЯ-ны сайдын зөвлөх Б.Цогтгэрэл, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, ИНЕГ-ын удирдлагууд угтан авч, “Асианa Эйрланс”-ын нислэгийн нээлтийн ёслолд Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарын албаны хүмүүс оролцлоо.

 

Холбоотой мэдээ