Баяр наадмын Шагайн харваанд 50 гаруй хүн оролцож байна

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-07-10 17:20:15

Ховд /МОНЦАМЭ/.  Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Ховд аймгийн баяр наадмын Шагайн харваа тэмцээнд 50 орчим харваач оролцож байна.

Тэд ардын уламжлалт тоглоом наадгайг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, биет бус соёлын өвөө хадгалж үлдэх зорилгын хүрээнд багийн болон цуваа харваа гэсэн хоёр төрлөөр цэц мэргэнээ сорин өрсөлдөж байгаа юм.

Ховд аймгийн хэмжээнд 80 орчим шагайн харваач байдаг. Үүнээс энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын хүндэт харваач 8, аймгийн гоц мэргэн 15, аймгийн мэргэн 4, аймгийн дэд мэргэн 2, залуу харваач 20 гаруй оролцож байгаагаас хамгийн ахмад харваач нь 78  настай,  хамгийн залуу оролцогч нь 14 настай байлаа. 

Энэ үеэр хөдөөгийн зарим сумаас харваачид оролцож, баяр наадмын цар хүрээг өргөжүүлж байна гэж зохион байгуулагчид онцлон хэлэв.
Шагайн харваа нь Монголын ард түмний үндэсний уламжлалт спорт-тоглоомын нэгэн төрөл бөгөөд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж, 2014 онд ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд албан ёсоор бүртгэсэн. Харин Ховд аймагт  шагайн харваачид 2004 оноос эхлэн нэгдсэн зохион байгуулалтад орж, Жаргалант сумаас гадна Эрдэнэбүрэн, Манхан суманд Шагайн харвааны холбоо байгуулан, орон нутагт шагайн харвааг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд  онцгойлон анхаарч  ажиллаж байна.

Одоогийн байдлаар баяр наадмын шагайн харвааны багийн төрөлд оролцогчид сум тавьж эхэллээ. 6-8 гишүүнтэй зургаан баг оролцох ба нэг хүн 4 сум тавьж шилдгүүдээ тодруулах юм. 




Холбоотой мэдээ