"Хүрэн морь-2019" яруу найргийн наадам энэ сарын 27-нд болно

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2019-07-11 00:23:38

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монголын шашин соёлын нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, Монгол маарамбын оройн чимэг, ууган зурхайч, Хамба номун хан, Эрдэнэбандида хутагт, Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний түүхт 380 жилийн ойг энэ сарын 26-28-нд тэмдэглэнэ. Ойн хүрээнд Монгол Улсын Төрийн шагналт зохиолч, яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн нэрэмжит "Хүрэн морь-2019" яруу найргийн наадмыг Баянхонгор хотноо долдугаар сарын 27-нд зохион байгуулах тов гарчээ.

Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул, Төрийн шагналт зохиолч, яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн намтар, уран бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах, алдаршуулах, шинэ залуу уран бүтээлчдийг нээн илрүүлж, уран бүтээлээр нь ард иргэдтэй уулзуулах зорилготой тус наадам 30 дахь жилдээ ийнхүү болох гэж байна.

Яруу найргийн наадам таван үе шаттай байх ба нэгдүгээр шатны шүлгүүдийг долдугаар сарын 15-ныг хүртэл tushke_1123@yahoo.com цахим хаягаар болон аймгийн Нийтийн номын санд хүлээн авч шалгаруулалт хийн, хоёрдугаар шатанд 40 /орон нутаг 80%, Улаанбаатар хот 20%/ яруу найрагчийг шалгаруулна. Гуравдугаар шатанд, шалгарсан 20 яруу найрагч шүлгээ унших бол дөрөвдүгээр шатанд, шалгарсан 10 яруу найрагч шүлгээ уншина. Тавдугаар шатанд 10 яруу найрагчаас шагналтнууд тодрох юм байна.

Наадамд 21 аймаг болон Улаанбаатар хотын 18-аас дээш насны яруу найрагчид нээлттэйгээр оролцоно. Найргийн наадмын тэргүүн шагналтан 1 сая төгрөгийн үнийн дүн бүхий “Хүрэн морь” цом, 500 мянган төгрөгийн  шагнал хүртэх бол дэд байр 400 мянга, 3-5 дугаар байр 100-300 мянган төгрөгийн мөнгөн шагналтай. Мөн тусгай байр гурвыг шалгаруулж 50 мянган төгрөгөөр урамшуулах бол Ахмад яруу найрагч, Өсөх ирээдүйтэй яруу найрагч, Үзэгчдийн таалалд нийцсэн яруу найрагчийг шагнаж урамшуулах аж.

Холбоотой мэдээ