С.Батжаргал: Наадамчин олон хогоо хаяхгүй, цэвэрхэн наадаж байна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-07-12 18:28:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын өдөр наадамчин олны сэтгэгдлийг хүргэж байна.


Төв цэнгэлдэх хүрээлэнд бид иргэн С.Батжаргалтай уулзаж наадмын өдрүүдийн сэтгэгдлийг сонссон юм. Тэрбээр, “Би  Завхан аймгийн Яруу сумын харьяат, одоо хотын уугуул иргэн болсон. Нийслэлд ирээд 50 жил болж байна. Жил бүр улсынхаа наадмыг үздэг. Энэ жилийн хувьд Төв цэнгэлдэх хүрээлэнгээрээ орж, Хүй долоон худагт очсон. Боломж гарвал маргааш уяачдын наадмаа үзчихээд наадмаа өндөрлөнө дөө. Өчигдөр наадмын сурын талбайгаар орж, төрийн өндөрлөгүүд сур харвахыг харсан. Бай онож байна. Сайн бэлтгэл хийгээд харвах юм бол олон бай онохоор байна.

Энэ жилийн наадам бороо хур, нар нь тэгширсэн, цаг агаар нь сайхан, наадамчин олон хогоо хаяхгүй, цэвэрхэн, сайхан наадаж байна. Би анхныхаа наадмыг Завханы Улиастад үзэж байсан” гэв.







Тэрбээр мөн, Үндэсний их баяр наадам анх цэргийн наадмаас үүссэн юм гээд, “Одоо наадам маань уяачдын гээд төрөлжиж соёл урлагаа таниулж байна. Ер нь монгол өв уламжлал, ёс заншлаа харуулсан соёлын наадам болох тухай ярьж байгаатай санал нэг байна” гэдгээ илэрхийлж, энэ нь Монгол орноо гадаад, дотоодод таниулж сурталчилж, жуулчдыг татахад ч хэрэгтэй хэмээв.

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ