Био ариутгагчийг өрх бүр хэрэглэхийг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-07-14 22:50:59

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн төвийн хөрс, усны бохирдол их байгаатай холбогдуулан Баянхонгор сумын ЗДТГ-аас ажлын хэсэг гарч, айл өрхүүдийн жорлон, муу усны нүх, төвлөрсөн худалдааны төвүүдийн эзэмшлийн талбайг ариутгаж, халдваргүйжүүлэх ажлыг эхлүүлжээ.

Гэр хорооллын жорлон, муу усны нүхний бохирдол нь хааш хаашаа 6 метр хүртэлх радиуст тархдаг ба энэ нь хүүхдийн тоглох талбай, хашааны худаг зэрэгт их хэмжээний бохирдол үүсгэж, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Дулааны улиралд хөрсний бохирдол агаарт дэгдэж, түүгээр амьсгалснаар хүн амын дунд зүрх судасны өвчний суурь болдог аж. Мөн дулааны улиралд ялаа, шумуул элбэгших үеэрээ 120 мянга гаруй нянг тээж, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна.

Тиймээс дээрх ажлын хэсгийнхэн хөрс, усны бохирдлыг бууруулах ажилд иргэн, өрх айл бүр идэвх санаачилгатай хандаж, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийхийг уриаллаа. Ингэхдээ "Тамир" био ариутгагчийг оршин суугаа багийн ажлын алба, сумын ЗДТГ-ын холбогдох албан хаагчаас хөнгөлөлттэй үнээр авч, хэрэглэхийг зөвлөв.

Тэд хэлэхдээ, "Манай иргэд, өрх, албан байгууллагууд дурын газраас ариутгалын бодисыг худалдан авч хэрэглэдэг ба эдгээр нь ихэвчлэн чанарын шаардлага хангадаггүй, бодис худалдаалах тусгай зөвшөөрөлгүй байдаг. Иймд чанарын шаардлага хангасан био ариутгагчийг хэрэглэж, нүдэнд үл үзэгдэгч хөрс усны бохирдлоос ангижиръя" гэлээ.

Тус ариутгагч нь жорлон, муу усны нүхний эвгүй үнэрийг арилгах, хөрс ариутгах, жорлон ашиглалт уртасгах, элдэв халдварт өвчнөөс сэргийлэх зэрэг үйлчилгээтэй юм байна. 

Холбоотой мэдээ