Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-16 14:23:33
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэх Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хэлэлцээд, хүлээн авах боломжгүй гэж үзэв.


УИХ-ын чуулганы гуравдугаар сарын 26-ны хуралдаанаар өөрчлөлт оруулсан Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэх маргааныг Үндсэн хуулийн цэц өнгөрсөн сарын 28-нд хэлэлцэж, 03 дугаар дүгнэлт гаргасан байна. Тодруулбал, тус хуулийн өөрчлөлтөөр, ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан аж ахуйн нэгж болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан хуулийн этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ төлөгч байхаар тусгажээ. Ингэхдээ тухайн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлөхөөр зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, АМНАТ гэх нэг төрлийн төлбөрийг тухайн ашигт малтмалыг олборлож, худалдаж байгаа этгээдээс гадна түүнийг худалдан аваад ашигт агуулгыг нэмэгдүүлж, баяжуулан нэмүү өртөг шингээн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хүртэл авах давхардал бий болгосон байна. Энэ нь дотоодын үйлдвэрлэл, аж ахуй эрхлэгч иргэдийг дэмжих агуулгагүй, харин улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах, түүний тогтвортой байдлыг бий болгох, цаашлаад үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд сөрөг үр дагавар үүсгэх зохицуулалт болсон  байна гэж Үндсэн хуулийн цэц дүгнэжээ. 


Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн дээрх зохицуулалт нь Үндсэн хуульд заасан “Төр нь ... аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”,  “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн заалтад нийцээгүй байна гэж шийдвэрлэсэн юм. 


Мөн уг заалтаас үүдэлтэй 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчих нөхцөл байдлыг үүсгэжээ гэж Цэц үзсэн байна. 


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ц.Гарамжав нар асуулт асууж, ажлын баг хариулав. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Үндсэн хуулийн цэцийн энэхүү дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдэг байр суурийг илэрхийллээ. Тэрбээр, “Уг хуулийн 47.7 дах хэсэгт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхар авахгүйгээр тодорхой заасан байгаа. Гэтэл давхар татвар авч байгаа мэтээр тайлбарлаж байгаа нь туйлын буруу юм. Үүнээс гадна Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авлаа гэж бодоход, уул уурхайн лиценз эзэмшигч компани нь алт олборлочихоод хувь хүний нэрээр Монголбанканд тушааж татвараас зайлсхийх болно. Энэ байдлыг таслан зогсоохоор энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан” гэв. 


Ингээд санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн юм. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Холбоотой мэдээ