Их Британи цаазын ялтай улс руу Ассанжийг шилжүүлэхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-07-16 15:05:34

МОСКВА. /RIA Novosti/. “WikiLeaks” цахим хуудсыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг хуулиар цаазын ял оноодог улсын талд шилжүүлэн өгөхгүй гэж Их Британийн Гадаад хэргийн дэд сайд Алан Данкан мэдэгдсэнийг Efe агентлаг уламжилжээ.


“Энэ бол бидний хүрсэн тохиролцооны үндсэн нөхцөл юм. Бид түүнийг цаазаар авах ял оноож болзошгүй улсын талд шилжүүлэн өгөхгүй” гэж Данкан Эквадорын Гадаад хэргийн сайд Хосе Валенсиятай Кито хотод хамтран зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Их Британи Ассанжийн эрүүл мэндэд санаа тавьж байгаа гэдгийг тэрбээр нэмж хэлсэн байна.


Шилжүүлэн өгөх тухай шийдвэрийг Их Британид тус улсын Дотоод хэргийн сайд биечлэн гаргадаг боловч тэрбээр Европын болон Их Британийн хуулийн хатуу дүрэм журам, хэм хэмжээг удирдлага болгодог байна. “Хэрэв тухайн хүнд цаазаар авах ял оноож болзошгүй тохиолдолд /хэрэв тухайн хүнд цаазаар авах ял оноохгүй эсвэл ийм ял оноосон тохиолдолд гүйцэтгэхгүй гэсэн зохих баталгааг сайд бичгээр хүлээж аваагүй тохиолдолд/ шилжүүлэн өгөхийг хуулиар хориглодог” гэж Их Британийн Засгийн газрын цахим хуудасны лавлахад дурджээ.


2010 онд бэлгийн дарамт, хүчингийн хэрэгт буруутгагдсан Швед улсад шилжүүлэн өгөхөөс болгоомжлон Ассанж 2012 оны зургадугаар сараас хойш Лондон хот дахь Эквадорын Элчин сайдын яаманд нуугдаж байсан юм. 2019 оны дөрөвдүгээр сарын 11-ний өглөө түүнийг АНУ-ын хүсэлтээр баривчилсан билээ. Лондон хотын шүүх түүнийг барьцаагаар суллагдах нөхцөлийг зөрчсөн хэрэгт буруутай гэж үзэн, 11 сар хорих ял оноосон. Ассанжийг шилжүүлэн өгөхтэй холбоотой шүүх хурал тавдугаар сарын 2-нд эхэлсэн юм. Тагнуулын тухай хууль зөрчсөн, нууц мэдээлэл задруулсан хэрэгт буруутган 17 зүйл ангиар шинээр хэрэг үүсгэсэн гэдгээ АНУ-ын эрх баригчид тавдугаар сарын сүүлээр мэдээлсэн билээ. Урьд нь түүнийг компьютерыг хакердахын тулд хуйвалдсан гэсэн ганцхан зүйл ангиар буруутгасан байжээ. Хэрэв Ассанжийг АНУ-ын талд шилжүүлэн өгсөн тохиолдолд тэрбээр олон жил хоригдох ял авч болзошгүй байгаа юм. “Wikileaks”-ийг үүсгэн байгуулагчийг АНУ-ын талд шилжүүлэн өгөхтэй холбоотой хэргийг Их Британийн шүүх 2020 оны эхээр хэлэлцэж эхэлнэ.  


 


Холбоотой мэдээ