Орхон аймгийн Татварын хэлтэс төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-07-16 18:55:43
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн ИТХ-ын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 12/04  дүгээр тогтоолоор орон нутгийн татварын орлогын төлөвлөгөөг нийт 55 тэрбум төгрөгөөр баталсан. Үүнтэй холбогдуулж Орхон аймгийн Татварын хэлтэс улс, орон нутгийн татварын орлогыг хагас жилийн байдлаар давуулан биелүүлж 31.7 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.

Төлөвлөгөөнд туссанаар 27.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх ёстой байсан ч 4.5 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн байна. Төвлөрүүлсэн орлогыг төрлөөр нь авч үзвэл, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварыг 14.7 тэрбум, авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг 797.2 сая, үл хөдлөх хөрөнгийн албан татварыг 7 сая, газрын төлбөрийн 8.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.

Мөн улсын төсөвт энэ оны эхний хагас жилд 4.4 тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстойгоос 5.2 тэрбум төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ.

Тус хэлтэс өнгөрсөн оны жилийн эцсийн тайлан хүлээн авах ажлыг эрчимжүүлж  аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 3051 тайлан, хувь хүний орлогын албан татварын 5023 тайланг цахимаар хүлээн авч баталгаажуулсан байна.

 

Холбоотой мэдээ