Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн авсангүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-16 17:23:54
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэх Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн авахаас татгалзав.


УИХ-ын чуулганы гуравдугаар сарын 26-ны хуралдаанаар өөрчлөлт оруулсан Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэх маргааныг Үндсэн хуулийн цэц өнгөрсөн сарын 28-нд хэлэлцэж, 03 дугаар дүгнэлт гаргасан байна. Тодруулбал, тус хуулийн өөрчлөлтөөр, ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан аж ахуйн нэгж болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан хуулийн этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ төлөгч байхаар тусгажээ. Ингэхдээ тухайн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлөхөөр зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, АМНАТ гэх нэг төрлийн төлбөрийг тухайн ашигт малтмалыг олборлож, худалдаж байгаа этгээдээс гадна түүнийг худалдан аваад ашигт агуулгыг нэмэгдүүлж, баяжуулан нэмүү өртөг шингээн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хүртэл авах давхардал бий болгосон байна. Энэ нь дотоодын үйлдвэрлэл, аж ахуй эрхлэгч иргэдийг дэмжих агуулгагүй, харин улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах, түүний тогтвортой байдлыг бий болгох, цаашлаад үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд сөрөг үр дагавар үүсгэх зохицуулалт болсон  байна гэж Үндсэн хуулийн цэц дүгнэжээ. 


УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн юм.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, "Үндсэн хуудийн 6.2-т байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн хяналтанд байна гэж заасан.  Гэтэл байгалийн баялаг нь ард түмний мэдэл, төрийн хяналтаас  гарч лиценз нэрээр гадныхны өмч болдог. Энэ асуудлыг Үндсэн хуулийн цэц авч хэлэлцэхгүй хэрнээ уул, уурхайн компаниудын татвартай холбоотой маргааныг тэдний талд шийддэг. Уул уурхайн лиценз эзэмшигч компани нь алт олборлочихоод хувь хүний нэрээр Монголбанканд тушааж татвараас зайлсхийдэг байсан. Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан тохиолдолд, дээрх нөхцөл байдал үргэлжилнэ. Мөн нүүрсний АМНАТ авах боломжгүй болно. Тиймээс цэцийн дүгнэлтийг Байнгын хороод хүлээн авахаас татгалзсан юм" гэлээ. 


Ийнхүү санал хураахад, Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн Байнгын хороодын дүгнэлтийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Холбоотой мэдээ