Динозавр судлаачид Өмнөговь аймагт хамтарсан судалгаа хийнэ

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2019-07-24 12:28:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Азийн динозаврын холбоо"-ны IV их хурал Монгол Улсад өнөөдөр эхэллээ.

Энэ удаагийн хурлыг Монгол Улсын ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэн зохион байгуулж байгаа бөгөөд Япон, Монгол, БНХАУ, ОХУ, Тайланд, Малайз, БНСУ зэрэг 12 орны 80 орчим эрдэмтэн судлаач оролцож, сүүлийн үед хийсэн судалгааны дүнгээ танилцуулж, шинэ мэдлэг, мэдээллээ хуваалцаж байна.


Их хурал энэ сарын 25-ныг дуустал үргэлжлэх юм. Хурдлын дараа буюу энэ сарын 26-29-нд Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дахь хожуу цэрдийн олдворт газар болох Баянзаг, Төгрөгийн ширээд хээрийн сургалт зохион байгуулан, хамтарсан судалгаа хийх юм.

Энэ талаар ШУА-ын Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал, доктор Х.Цогбаатар хурлын үеэр мэдээллээ. Тэрээр, энэ сарын 13-нд Японы нийслэл Токио хотноо Дэлхийн үлэг гүрвэлийн экспо нээгдснийг дуулгаад энд Монгол Улс өөрийн судалгаа шинжилгээний ажлаар томоохон байр суурьтай оролцож байгааг хэллээ.




Тодруулга: Азийн Динозаврын холбоо (the Asia Dinosaur association-ADA)-г Азийн бүс нутагт үлэг гүрвэлийн судалгаа явуулж байгаа олон орны мэргэжлийн судлаачдын ажлыг уялдуулан хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх, залуу судлаачдыг дэмжих зрилгоор 2013 онд Япон улсад байгуулжээ. Тус холбооноос "Азийн динозаврын олон улсын хурал"-ыг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг  бөгөөд анхны хурлыг 2014 онд Японд, 2-р хурлыг Тайланд, 3-р хурлыг БНХАУ-д хийжээ.

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ