Хог хаягдлын үнэ тарифыг шинэчилэн тогтоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-07-25 11:25:22
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сумын ИТХ-ын шийдвэрээр тус сумын хэмжээнд хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчилэн тогтоож, ХЗДХЯ-аар хянуулан баталгаажуулжээ.

Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг шинэчлэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн хоёр, Хог хаягдлын тухай хуулийн есдүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн хоёр дахь зүйлийг үндэслэн тогтоосон аж.

2019 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн мөрдөгдөж байгаа “Хог хаягдлын тухай” шинэчилсэн хуулиар өмнө нь мөрдөж байсан журам хүчингүй болсон тул ийнхүү зайлшгүй шинэчилэх, одоо мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн хүрээнд тооцож, хураамжийг тогтоох шаардлагатай байсан хэмээн тус сумын ИТХ-аас мэдэгдсэн. Удахгүй энэхүү шийдвэр хэрэгжиж эхлэх ажээ.

Шинэчилсэн тарифаар гэр хорооллын айл өрхүүд сардаа 3000, орон сууцны өрх 2000, малчин өрх 1000 төгрөг, зочид буудал, амралтын газар, жуулчны баазууд орны тоогоор 573 төгрөг, хүүхдийн цэцэрлэг нэг хүүхдэд 40, сургууль, МСҮТ 22 төгрөг төлдөг болох ажээ.

Харин албан байгууллагууд нэг ажилтны 192, театр нэг суудлын 40, эрүүл мэндийн байгууллага нэг орны 286, мал нядалгааны газар нэг хонин тодгойд 500 төгрөг тус тус төлдөг болно.

Мөн худалдаа үйлчилгээний байгууллагууд, үйлдвэр, барилгын хог хаягдал, фермерийн аж ахуйн хог хаягдал тус бүрийг ялгавартай тооцож, тогтоосон байна. 

Холбоотой мэдээ