Хүүхдүүд Монгол, БНХАУ-ын найрамдалт харилцааг уран зургаар илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-07-25 16:40:22
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, БНХАУ-ын ӨМӨЗО-ны хүүхдүүдийн “Нөхөрлөл” уран зургийн хамтарсан үзэсгэлэнг өнөөдөр Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төв (МХУБТ)-ийн “Орд” галерейд нээлээ.


Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан энэхүү үзэсгэлэнд МХУБТ болон ӨМӨЗО-ны “Заяа-Хан” хүүхдийн уран зургийн дугуйлангийн 100 гаруй зураач хүүхэд бүтээлээ дэлгэжээ. Үзэсгэлэнгийн нээлтэд ӨМӨЗО-ны Хөх хот, Шилийн гол аймгийн Хөвөөт Шар хошуу болон Улаан цав аймгаас оролцож буй уран зургийн дугуйлангийн 12 сурагч эцэг эхийн хамтаар хүрэлцэн ирсэн байна.  


Уг үзэсгэлэнг ӨМӨЗО-ны Сурган хүмүүжлийн товчоо, Монгол Улсаас Хөх хотод суугаа Ерөнхий Консулын газар, Өвөр Монгол дахь Монгол Улсын Иргэдийн нийгэмлэг, Хөх хотын Үндэстний туршилтын сургууль хамтран зохион байгуулж байгаа юм. Өнгөрөгч 6 дугаар сарын 1-нд уг үзэсгэлэнг ӨМӨЗО-ны Хөх хотод нээж, амжилттай оролцсон өвөр монгол хүүхдүүдийг шагнаж урамшуулсан аж. Харин энэ удаа Монгол Улсаас амжилттай оролцсон хүүхдүүдэд шагнал гардуулж буй нь энэ юм.


Өвөр Монгол дахь Монгол Улсын Иргэдийн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Д.Гантөгс “Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд олон сайхан ажил зохион байгуулж байгаагийн нэг нь уг үзэсгэлэн юм. Аливаа улс хоорондын хамтын ажиллагааг хүүхдүүдийн нөхөрлөл илүү гүнзгий харуулж чаддаг. Хүүхдүүд манай хоёр улсын харилцаа, найрамдлын ач холбогдлыг хэрхэн төсөөлж байгаагаа зургаар илэрхийлэн харуулсан байгаа” гэв.


Хөх хотын “Заяа-Хан” хүүхдийн зургийн сургалтын төвийн эрхлэгч Цагаан Хас “Энэхүү үзэсгэлэнд манай 12 сурагч 15 бүтээлтэй хүрэлцэн ирлээ. Өнөөдөр манай хүүхдүүдийг МХУБТ, Монголын Хүүхдийн ордны шагналаар шагнасанд баяртай байна. Үзэсгэлэнд оролцохын зэрэгцээ хүүхдүүддээ Монголын сайхан байгалийг үзүүлж, алдарт зураачидтай уулзуулна” хэмээв.


“Энэ удаагийн үзэсгэлэнд би “Ой шугуй”, “Муур ба эрвээхий” гэх хоёр бүтээлээрээ оролцож байна. “Муур ба эрвээхий”-д эрвээхийг алаг өнгөөр харин муурыг хүйтэн өнгөөр зурсан. “Ой шугуй”-д ой модны өнгө будаг, өндөр намыг дүрсэлсэн. Өнөөдөр МХУБТ-ийн “Авьяасын од” медалиар шагнуулсандаа баяртай байна. Энэ боломжийг олгосон багш нартаа баярлалаа. Би Монголд анх удаа ирж байна. Монгол орон ногоон тал, цэвэр тунгалаг агаар, эелдэг хүмүүстэй юм” хэмээн ӨМӨЗО-ны Хөвөөт шар хошууны Нахиа бага сургуулийн 6-р ангийн сурагч Э.Байгалмаа сэтгэгдлээ хуваалцлаа.  


Эдгээр хүүхдүүд “Өнгөт нар” хүүхдийн зургийн аялалд оролцож, Монголын соёл урлаг, түүх дурсгал, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялангаа Монголын уран зургийн дугуйлангийн  хүүхдүүдтэй туршлага солилцож, хамтын бүтээл туурвих аж.  





Холбоотой мэдээ