"Эрдэнэс Монгол" компанийн төлөөлөгчид Асгатын ордтой танилцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-07-26 10:08:10

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг "Монросцветмет" компаниас "Эрдэнэс Монгол" компанид шилжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гаргасан. Үүний дагуу ордын дөрвөн лицензийг төр буцаан авч, 100 хувь төрийн өмчид шилжсэн билээ.

Харин "Эрдэнэс Монгол" төрийн өмчит компанийн Уул уурхай, техник, технологийн газрын захирал Б.Элбэгзаяа, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын уул уурхайн аврах ангийн захирагч хурандаа Г.Буянтогтох нараар ахлуулсан ажлын хэсэг энэ өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Тэрээр өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржантай уулзаж санал солилцжээ.

Аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар орон нутгийн төсөвт ногдол ашиг өгөх, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хийх, олон иргэд ажлын байраар хангагдах боломж бүрдэхийг онцолж, аймгийн удирдлага хамтран ажиллахаа илэрхийлжээ.

Ажлын хэсэг ордын өнөөгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж байгаа бөгөөд дүгнэлт гаргаж Засгийн газарт танилцуулна.

Холбоотой мэдээ