“Түмний байр” төслийнхөн Т.Ундармаад нэг өрөө байр бэлэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-26 17:30:33
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Түмний байр” төслийн хүрээнд “Ханан Шишгэд” ХХК-иас өнөөдөр иргэн Т.Ундармаад нэг өрөө байр бэлэглэлээ.


Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах, ипотекийн зээл авахад дэмжлэг үзүүлэх зорилготой дээрх төслийг "Ханан Шишгэд” ХХК-иас өнгөрсөн лхагва гарагт эхлүүлсэн юм. Тус компанийн захирал С.Мөнхбатаар ахлуулсан судалгааны баг нийслэлийн агаарын бохирдол ихтэй гурван дүүрэгт нэг жилийн хугацаанд ажиллажээ. Судалгаанд нийт 1740 айл өрхийг хамруулсны дүнд төслийн багийнхан багш Т.Ундармаатай таарсан байна. Т.Ундармаа нь багш мэргэжлээр ажилладаг, амьдралын боломж тааруу ч таван жил зүтгэн байрны зээлийн урьдчилгаа мөнгө хуримтлуулсан аж. Гэвч банкны ипотекийн зээлийн хатуу шалгуурыг хангаж чадахгүй байснаар өнөөдрийг хүртэл орон сууцанд орж чадаагүй байсан юм байна. 


“Түмний байр” төсөл нь иргэдийн бүрдүүлэх урьдчилгаа мөнгөнд дэмжлэг үзүүлж, банкны шаардлагад нийцүүлэхийн тулд тодорхой хэмжээний баталгаа гаргах, тухайн өрхийн ажилгүй иргэнийг ажлын байртай болгох зэрэг цогц асуудлыг нь шийдсэнээр орон сууцжуулах зорилготой. Энэ төслөөр Т.Ундармаа багшийн бүрдүүлсэн урьдчилгаа мөнгөнд дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөн байсан ч “Түмний байр” төслөө нээж буй учир нэг өрөө байрыг нь бүтэн бэлэглэхээр боллоо” хэмээн “Ханан Шишгэд” ХХК-ийн захирал С.Мөнхбат ярьж байлаа.



Иргэн Т.Ундармаа хэлэхдээ, “Би ипотекийн зээлд хамрагдахын тулд урьдчилгаа 30 хувийг төлөх ёстой. Надад 20 хувь нь байсан. Банкны энгийн нөхцөлтэйгөөр байр хөөцөлдсөн ч надад боломж олдоогүй. “Түмний байр” төслийн хүрээнд “Ханан Шишгэд” ХХК үлдэгдэл 10 хувийн төлбөрийг нь өгөөд ипотекийн зээлд хамруулж өгөхөөр болсноо надад дуулгасан. Гэтэл байрыг маань бэлэглэлээ. Үгээр хэлэхийн аргагүй их баярлаж байна. “Түмний байр” төслийнхөн 21 хоногт багтааж байранд оруулна гэсэн, би яг өнөөдөр 21 дэх хоног дээрээ байрандаа орлоо” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.  



“Ханан Шишгэд” ХХК-ийн захирал С.Мөнхбат “Банкны шаардлагыг эс тооцвол 20 хувийн урьдчилгаа төлбөрөө өгөөд байр авах хүмүүс олон байна. Гэр оронгүй, түрээсийн сууцанд амьдарч байсан хүмүүс ч байна. Маш их зүтгэл гаргаж бүрдүүлсэн, үнэ цэнэтэй тэр 20 хувийн мөнгөөрөө дэнчин тавих гэж байхад ард нь дааж давахгүй олон шалгуур тавих шаардлагагүй. Бусад орны жишигт хүрдэггүй юм гэхэд зээлийн хүүгээ 5 хувь болгочихвол ипотекийн зээл нүдээ олж, жинхэнэ хүрэх ёстой иргэддээ очно шүү дээ. Миний тэмүүлээд байгаа зүйл бол ипотекийн зээлийн урьдчилгааг 20 хувь, зээлийн хүүг 5 хувь болгохын төлөө энэ төслөө зориулах юм. Үүнийг л банк, Санхүүгийн зохицуулах хороо дэмжээд өгчихвөл хашаа байшингаа байраар сольж, орон сууцанд орохыг хүссэн жинхэнэ зорилтот бүлэгт хүрнэ. Судалгаанаас харахад 30-50 м.кв байр сонирхож байгаа хүмүүс банкны шалгуураа давдаггүй юм билээ. Гэтэл 80 мкв байр нь түрүүлээд дуусчихдаг. Ахиухан талбайтай байр авах боломжтой хүмүүс л ипотекийн зээлд хамрагдаж байна. Нийслэлийн есөн дүүрэгт 30-50 м.кв байрууд бэлэн байна. Энэ байрнуудын 20 хувийг бүрдүүлээд өгчихсөн иргэдэд зээл өгч болмоор. Байрны 20 хувийн урьдчилгаа бүрдүүлэхийн тулд солонгост олон жил хар ажил хийж ирсэн хүмүүс ч их бий. Гэтэл тэд ирээд орлогоо нотлох ямар ч боломжгүй болдог. Тиймээс л бид “Түмний байр” төслөөрөө байр орон сууцтай болохыг хүссэн ч боломж нь бүрддэггүй, зээлийн шалгуур давахгүй өрх толгойлсон эцэг, эхчүүд, залуу хосууд, гадаадад ажиллаад ирсэн ч байр сууцгүй байгаа хүмүүс, нийгмийн даатгал төлдөггүй иргэд гээд тэр олон хүнд гүүр болохыг хүссэн. Бид Монголын олон мянган компаниудыгаа нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, амьдрахыг зорьж тэмүүлж байгаа иргэдээ бодитоор дэмжихийг уриалж байна. Бусад компаниудад болон ард иргэдэд манай “Түмний байр” төсөл 100 хувь нээлттэй” гэв.


Төсөл санаачлагч “Ханан Шишгэд” ХХК нь 2006 оноос эхлэн уул уурхай, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай компани бөгөөд тус компанийн захирал С.Мөнхбат “Түмний байр” төслийг анх 2015 онд санаачлан, тодорхой үе шаттай судалгааг явуулж, өнөөдөр ийн хэрэгжиж эхэллээ. 

Холбоотой мэдээ