Үндсэн хуульд байгалийн баялаг нь нийтийн өмч гэж тусгахыг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл, саналын байгалийн баялаг "нийтийн өмч мөн" хэмээн зохицуулсан томъёоллыг "Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал дахь Байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудал" хэлэлцүүлгийн оролцогчид дэмжив.
УИХ-ын 72 дугаар тогтоолоор байгуулагдсан Зөвшилцлийн ажлын багийн төлөвлөгөөний дагуу Төрийн ордноо болсон тус хэлэлцүүлэгт Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл, санал болон УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төсөл, АН-ын зөвлөлийн саналыг танилцуулсан. Хэлэлцүүлэгт ЗГХЭГ, Сангийн яам, УУХҮЯ, БОАЖЯ, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Ашигт малтмал, газрын тосны газар зэрэг төрийн байгууллага, улс төрийн намын төлөөлөл, эдийн засагч, эрдэмтэн судлаач, иргэдийн төлөөллөөс бүрдсэн нийт 150 гаруй хүн оролцлоо.
Төслийн танилцуулгатай холбогдуулан нийт 56 оролцогч асуулт асуухаар нэрсээ ирүүлсэн бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газар /ЕТГ/-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан болон Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын дэд багийн гишүүд хариулсан.
Тухайлбал, Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-ийн дарга Н.Лүндэндорж, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл, саналд Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан нь нийтийн өмч мөн хэмээн өөрчлөн тусгасныг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр, "Үндсэн хуульд нийтийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах асуудлыг журмаар зохицуулна гэж тусгаж болох эсэхийг тодруулсан. Түүнчлэн өрийн тааз 60 хувиас, төсвийн алдагдал ДНБ-ий хоёр хувиас хэтрэхгүй байна гэсэн заалт оруулж болох эсэхийг лавлав.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, "Төсөл боловсруулахдаа ШУА-тай хамтран эрдэм шинжилгээний хурал хийж, 40 гаруй орны Үндсэн хуулийг харьцуулж судалсан. Олон удаагийн хэлэлцүүлгийн үеэр, өрийн тааз, төсвийн алдагдалтай холбоотой асуудлыг хөндсөн. Гэвч эцэстээ "Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа, Засгийн газрын зөвшөөрөлгүй зардлын шинэ төрөл үүсгэж, зарлага нэмэгдүүлэхгүй. Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно" хэмээн тусгахаар тогтсон. Энэ нь төсвийн талаарх УИХ-ын бүрэн эрхийг хязгаарлах, төрийн санхүү, төсвийн хараат бус хяналтыг төлөвшүүлэх зорилготой" гэж хариулав.
Харин ЕТГ-ын дарга З.Энхболд, төрийн өмч гэдгийг нийтийн өмч хэмээн өөрчлөн тусгасан шалтгааныг тайлбарлахдаа, "Төр өөрөө бүтээгээгүй баялгийг төрийн гэж тодорхойлох нь зүйд нийцэхгүй гэж Ерөнхийлөгч үзсэн. Төр өөрийн татварын мөнгөөр үүсгэн бий болгодог үйлдвэр, эд хөрөнгөтэй адилтган үзэж, хувьчилж ирсэн алдааг залруулах ёстой" гэлээ.
Монголбанкны дэргэдэх Эдийн засгийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл, Байгалийн баялаг бус байгалийн заяагдмал нөөц гэдэг олон улсын нэр томьёогоор нэрлэвэл дээр гэсэн санал дэвшүүлэв. Мөн тэрбээр төрийн өмч гэснийг нийтийн өмч болгох нь суурь өөрчлөлтийг авчирна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.
МҮОНРТ-ийн Удирдах зөвлөлийн дарга Б.Энхмандах, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл, саналд нийтийн өмчийн газрыг Монгол Улсын иргэнд өмчлүүлэх иргэн, хуулийн этгээдэд тодорхой хугацаагаар эзэмшүүлэх буюу ашиглуулах шийдвэрийг хуульд заасан болзол, журмын дагуу зөвхөн Засгийн газар, аймаг, хот, нийслэлийн Засаг дарга /Захирагч/ гаргана гэж заажээ. Газраас бусдыг нь хэн шийдэхийг асуув. Түүнчлэн Сум, дүүргийн ИТХ хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн болон татвар тогтоох эрхтэй байна хэмээн тусгасан нь зүйд нийцэж буйг тодруулав.
Мөн Эдийн засагч, судлаач Б.Дөлгөөн, Төрийн өмч гэснийг нийтийн өмч гэж өөрчилснөөр, байгалийн баялгийг хэн хариуцах болж буйг тодруулаад, дээрх өөрчлөлтийн эерэг болон сөрөг нөлөөг тооцсон эсэхийг лавлав.
ЕТГ-ын дарга З.Энхболд, төслийн 6.6 дахь заалтаар замбараагүй газар олгодог байдлыг хааж, цаашид сумын Засаг дарга газрын зөвшөөрөлд гарын үсэг зурах явдал гарахгүй болно хэмээн тайлбарлав. Мөн тэрбээр, "Төрийн гэдгийг нийтийн болгосноор нийтийн өмч эзэнгүй болно гэсэн үг биш. Төрийн өмчийн барилга байшин, сандал, ширээ шиг зарж байгааг болиулах зорилготой. Онцгой ач холбогдол бүхий газрын хэвлийн баялгийг төр хамтран ашиглах тохиолдолд, гарах зардлыг хөрөнгө оруулагч хариуцах бөгөөд татварын дараах ашгийн 51-ээс доошгүй хувь нь Монгол Улсын төрд ногдохоор тусгасан. Ашиглана гэвэл 51 хувиа өгнө, өгч чадахгүй гэвэл газрын баялгаа ухуулахгүй гэсэн зорилгоор ийм зохицуулалт хийсэн" гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Сум, дүүргийн ИТХ хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд хог, тэжээвэр амьтны зэрэг 16 төрлийн татвар, хураамж авдаг. Энэ татвараар төсвийнхөө тодорхой хувийг бүрдүүлдэг. Одоогийн хуулиар ч энэ эрх олгогдсон. Хэлэлцүүлгийн үеэр, ажлын баг удаан ярилцсаны эцэст энэ асуудлыг Үндсэн хуульд оруулах нь зүйтэй гэж үзсэн. Ийм зохицуулалт холбооны улсад ч, нэгдмэл улсад ч байдаг" гэв.
Хэлэлцүүлэг завсарлах үеэр, зарим УИХ-ын гишүүний байр суурийг сонслоо.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, “Байгалийн баялгийн тэгш, шударга хуваарилалтын зарчим алдагдаж байгаа талаар өмнө нь би олон удаа хэлж, тэмцсэн. Энэ хүрээнд Үндсэн хуульд тодорхой байр суурь, саналаа өгсөн. Иргэд, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага ч саналаа надад ирүүлсэн. Эдгээр саналыг нэгтгээд Үндсэн хуулийн 6.2 дахь хэсэгт байгалийн баялаг нь “төрийн өмч” мөн гэсэн томъёоллыг “ард түмний өмч” болгож өөрчлөх ёстой гэсэн зарчмын санал гаргасан. Ерөнхийлөгчийн төсөлд, Үндсэн хуулийн 6.2-т мөн ойролцоо өөрчлөлт оруулахаар санал болгосон байна. 1992 оны Үндсэн хуулийг баталсан хүмүүс төрд хоёргүй сэтгэлээр зүтгэж, шударга ажиллах зарчимтай байсан учраас Байгалийн баялаг “төрийн өмч мөн” гэдэг зохицуулалтыг оруулсан гэж боддог. Харамсалтай нь, өнгөрсөн 27 жилийн хугацаанд байгалийн баялгийг гадаад, дотоодынхон нийлж лиценз хэлбэрээр зарж, үрсэн. УИХ дахь АН-ын зөвлөлийн саналд, төрийн, нийтийн зориулалтын өмчийг тусгайлсан хуулиар зохицуулахыг мөн санал болгоод байна. Үндсэн хуульд байгалийн баялагтай холбоотой зохицуулалтыг ард түмний өмч, эсвэл иргэдийн өмч зэргээр өөрчилж, хөдөлгөөнгүй болгох ёстой гэсэн байр суурьтай байна” хэмээв.
УИХ-ын гишүүн Н.Оюундарь, “Байгалийн баялгийг тэгш хуваарилна гэдэг асуудлаар, одоо орж ир байгаа, ялангуяа Ерөнхийлөгчийн “нийтийн өмч байна” гэдэг томъёолол зөв, орчин үеийн шинжлэх ухаанд тулгуурласан зохицуулалт гэж харж байна. Үндсэн хуульд байгалийн баялгийг төрийн өмч гэж томъёолсны цаана юу байгаа нь тодорхой бус. Тэр утгаараа, ард иргэдэд чиглэсэн томъёолол оруулж байгааг дэмжиж байна. Гэхдээ байгалийн баялагаа тэгш хуваарилах асуудлаа шийдсэн бол, хэрхэн хуваарилах асуудал гарч ирнэ. Хуваарилалтын асуудлыг ярихдаа, Финланд, Швед, Норвеги зэрэг улсын баялгийн санг хэрхэн хуваарилж байгаа туршлагыг харах хэрэгтэй болно” гэв.
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, “Цаашдын 30 жилийн хөгжлийг харж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Процессын зохицуулалт битгий оруулаасай гэж хүсэж байна. Иргэдийг төлөөлж байгаа гишүүнийхээ хувьд, байгалийн баялаг ард түмний мэдэлд байх ёстой гэсэн байр суурьтай байна. Бид газрын хэвлийдээ асар их баялагтай, таван хошуу малтай, сайхан амьдруулах бололцоотой улс. Гэтэл өнгөрсөн 30 жилийн хугацаанд яагаад байгалийн баялгийн тэгш хуваарилалтыг хийж чадаагүй вэ гэдгийг үндэслэж нэмэлт, өөрчлөлт хийгээсэй гэж хүсэж байна. Ингэхдээ баялагаа тэгш хуваарилахад зөвхөн эдийн засгийн буюу хөрөнгө мөнгөний агуулгаар битгий хараасай. Шинэ төрсөн хүүхдээс настан буурай хүртэлх иргэн бүрт боловсрол, эрүүл мэндийг нь дэмжсэн, иргэдээ ажилтай, орлогтой байлгахад чиглэсэн хуваарилалт байгаасай. Асуудлыг концепцийн түвшинд харж, үр ашгийг тооцоолсон урт настай Үндсэн хууль байх ёстой” хэмээв.
УИХ-ын нэр бүхий 62 гишүүн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьж, УИХ-аас төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг өнгөрсөн сард хийсэн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж, энэ сарын 16-нд УИХ-ын даргад өргөн барьсан. Хоёр төслийг хамтад нь хэлэлцүүлэх хуулийн боломж байхгүй тул УИХ-ын 72 дугаар тогтоолоор, Ерөнхийлөгчийн мэдүүлсэн хуулийн төслийг одоо хэлэлцэж буй УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тэргүүтэй 62 гишүүний өргөн барьсан төсөлтэй нэгтгэж, санал боловсруулах үүрэг бүхий Зөвшилцлийн ажлын баг байгуулж, Ерөнхийлөгч даргалахаар болсон юм.
Тус зөвшилцлийн ажлын баг энэ сарын 19-нд хуралдаж, ажлын төлөвлөгөөгөө боловсруулахдаа, энэ долоо хоногт таван сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээр болсон. Ийнхүү тус ажлын багийн төлөвлөгөөний дагуу Ерөнхийлөгчийн Тамгын Газар, УИХ-ын Тамгын газар хамтран энэ сарын 22-25-нд "Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар", “Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах нь”, “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах нь”, "Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар" гэсэн сэдвээр Төрийн ордноо цуврал хэлэлцүүлэг өрнүүллээ.