МУИС болон Ховд их сургууль хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Баруун бүсийн ууган их
сургууль, төрийн өмчийн магадлан итгэмжлэгдсэн Ховд Их сургууль Монгол Улсын Их сургууль \МУИС\-тай
таван жилийн хугацаанд хамтран ажиллах
гэрээ байгууллаа.
Гэрээг МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, Ховд их сургуулийн захирал Б.Нямдорж нар үзэглэв. Хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар багш, оюутан солилцох, Ховд Их сургуулийн оюутнууд эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнд МУИС-д докторантурт суралцах, мэргэжил дээшлүүлэх, харилцан туршлага судлах боломжтой.
Энэхүү гэрээнд орон нутгийн сургуулийг эрдэм шинжилгээ, судалгааны ажил ба сургалтын материаллаг
бааз, хөрөнгө санхүү, урлаг спортын төрлөөр
дэмжих тухай заалт тусгажээ.
Дөчин жилийн түүхт Ховд Их сургууль магистр болон бакалаврын чиглэлээр нийт 13 мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж байна.
Түүх сөхвөл Ховд Их сургууль нь 1993-2004 онд МУИС-ийн салбар сургууль байжээ. Ийнхүү хамтын ажиллагаа, уялдаа холбоогоо дахин сэргээн бэхжүүлэхээр боллоо.