Монгол-Туркийн дипломат харилцааны 50 жилийн ойн маркийг нээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар манай улсад айлчилж буй БНТУ-ын Үндэсний их хурлын дарга Мустафа Шентоп өнөөдөр хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд гаргасан маркийн анхны өдрийн нээлтэд оролцлоо.
Маркийг хоёр улсын шуудангийн байгууллага хамтран гаргасан бөгөөд энэ нь хоёр орны цаашдын хамтын ажиллагааны хөгжлийг бэлгэдсэн тэмдэглэлт үйл явдал болж буйг УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан нээлтийн үеэр онцоллоо. Тэрээр Монгол Улсад марк үүсэж, хөгжсөний 95 жилийн ой, хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд мэндэлсэн энэхүү маркийн сэдэв, агуулгыг бүтээлцэж, хамтран ажилласан судлаач, түүхч, зураач, дизайнерүүдэд талархал илэрхийллээ.
БНТУ-ын Үндэсний их хурлын дарга, ноён Мустафа Шентоп хамтарсан марк гаргаж буйд баяртай байгаагаа илэрхийлээд, “Манай хоёр улсын дипломат харилцаа 50 жилийн түүхтэй ч 1000 гаруй жилийн өнө эртний уламжлалт харилцаатай. Бид соёл, зан заншлын хувьд ижил төстэй зүйл олон. Энэ айлчлал нь шинэ цагийн хамтын ажиллагааг улам бэхжүүлэн хөгжүүлэхэд чухал үр дүн өгнө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Үндсэн маркийн хэсэгт Туркийн алдарт Босфорын гүүр дээгүүр Монголын Иргэний агаарын тээврийн онгоц нисэж байх бөгөөд Туркийн бахархалт Алтанзул цэцгийг дүрсэлсэн байна. Мөн Туркийн агаарын хөлөг онгоцыг үндэсний хувцастай монгол бүсгүй хадаг, мөнгөн аягатай сүүгээр угтаж буйгаар дүрсэлж, Бэр цэцгийг бэлгэдэн багтаажээ. Харин доод хэсэгтээ чимэглэл болгон хоёр улсын эртний уламжлалт харилцааг харуулах үүднээс түүхэн дурсгалт газруудын дагуу торгоны замаар явж буй тэмээн жингийн цувааг дүрсэлсэн байгааг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан зочдод танилцуулав.
Ноён Мустафа Шентоп, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нар маркийн анхны өдрийн дугтуйг тамгалаж, гарын үсэг зурлаа. Ингэснээр уг марк албан ёсоор үнэт цаас болж, Монгол маркийн музейд хадгалагдана.
“Монгол Улс, БНТУ дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой” сэдэвт энэхүү марк нь өнөөдрөөс эхлэн албан ёсоор худалдаанд гарч байгаа бөгөөд хамгийн отгон буюу 1046 дахь сэдэвт марк болж байна.
“Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой” сэдэвт маркийн анхны өдрийн нээлтэд БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язал, Туркийн Үндэсний их хурлын дэд дарга Митхат Санжар, Үндэсний их хурлын гишүүн, ҮИХ дахь Турк-Монголын парламентын бүлгийн дарга Мехмет Эрдоган, Үндэсний их хурлын гишүүн Бүлэнт Туран, Өзлэм Зэнгин, Мухаммед Лэвэнт Бүлбүл, Осман Ашкын Бак, Исмайл Тамер, Фатма Аксал, Эминэ Гүлизар Эмэжан, Аяхан Алтынташ болон “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, тус байгууллагын ажилтнууд, марк сонирхогчид, албаны бусад хүмүүс оролцлоо.