“Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг хэвлэн нийлүүлэх төслийн нээлт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-29 20:46:56
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад айлчилж буй БНТУ-ын Үндэсний их хурлын дарга Мустафа Шентоп Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн санхүүжилтээр хэрэгжсэн “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг хэвлэн нийлүүлэх төслийн нээлтэд оролцлоо.



"Хоёр орны хамтын ажиллагаа, соёл, эдийн засаг зэрэг бүхий л салбарт амжилттай өрнөж байна. Орчин цагийн хамтын ажиллагааны түүх 1969 оноос шинэ шатанд гарч, өдгөө 50 жилийн ойтойгоо золголоо" хэмээн УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан нээлтийн үеэр онцлов. Тэрээр, "ТИКА-гаас 1994 оноос өнөөг хүртэл манай улсад 45 орчим сая ам.долларын 668 төслийг хэрэгжүүлсэн байна. 2018 онд нийт 61 төслийг 2.5 сая ам.доллараар хэрэгжүүлсэн бол энэ онд 51 орчим төслийг 3 сая ам.доллараар хэрэгжүүлэхээр болсонд талархаж байна. 2015 онд УИХ-аас Монгол хэлний тухай хуулийг баталсан бөгөөд энэ хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол хэлний зөв бичих дүрэм, толь бичгийг гаргах үүргийг холбогдох байгууллагууд хүлээсэн. Энэхүү толь бичгийг гаргахад үнэтэй хувь нэмрээ оруулсан Хэлний бодлогын үндэсний зөвлөл, эрдэмтэн, судлаачдад болон ТИКА-гийн хамт олонд талархал илэрхийлье” хэмээв.



Ноён Мустафа Шентоп, хоёр орны соёлын найрамдалт харилцааг баяжуулж буй энэхүү төслийг санаачлан хэрэгжүүлсэн парламентын гишүүд, ТИКА-гийн хамт олон, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, эрдэмтэн судлаачдад баяр хүргэж амжилт хүслээ. Тэрбээр хэлэхдээ, “Аливаа улс үндэстнийг хэл, соёлын онцлог нь илтгэдэг. Монгол хэлийг ирээдүй үр хойчдоо зөвөөр өвлүүлэн үлдээх, төрийн байгууллагууд журамласан толиор дамжуулан эх хэлнийхээ хэрэглээг нэг мөр ойлгож, хэрэглэдэг болоход энэ төслийн зорилго оршиж байна” гэв.  



“Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг хэвлэн нийлүүлэх төслийн нээлтэд Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Үндсэн хуулийн цэц, ШЕЗ болон яам, агентлаг зэрэг төрийн байгууллагын төлөөлөл оролцов.

Холбоотой мэдээ