Үер усны аюулаас сэргийлэхийг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-08-06 12:45:04

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд энэ сарын 04-ний 14 цаг 52 минутаас 16 цаг 43 минутын хооронд  орсон усархаг аадар борооны улмаас ус далангаа халин урсжээ.

Үерийн улмаас Сүхбаатар сумын III баг МСҮТ-ийн баруун хойд талын үерийн далангийн гүүр, мөн VIII баг Буйрын голын хойд талын үерийн далангаар ус хальж иргэд, айл өрхүүдийн хаясан ахуйн болон барилгын хог хаягдал, мал амьтны сэг зэмээр дүүрэн бөглөрч  айл өрх, замын хийц бүтээцэд багагүй хэмжээний хохирол учирсан байна.

Цаашид энэ сард түр зуурын усархаг бороо хэд хэдэн удаа орох төлөвтэй байгаа тул мэргэжлийн байгууллагаас сумын ЗДТГ, баг, хэсгийн дарга нар, иргэд айл өрхүүд анхаарал болгоомжтой байхыг анхааруулж зөвлөмж гаргав.

Зөвлөмжид үерийн далангаар борооны ус урсаж байгаа тул хог хаягдлаа хаяхгүй байх, сумын ЗДТГ, баг хэсгийн дарга нар Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан эрх, үүргээ биелүүлж үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, хуримтлагдсан лаг шавар хог хаягдлыг богино хугацаанд цэвэрлэх,үерийн далан, суваг шуудуунд хог хаягдлаа хаяж байгаа иргэдийн мэдээллийг холбогдох байгууллагад хүргүүлэн арга хэмжээ тооцох, иргэн, айл өрхүүд үерийн уснаас гэр орон сууц, амь нас, эд хөрөнгөө хамгаалах талаар дурджээ. 

Холбоотой мэдээ