Орон нутгийн замд дөрвөн хүний амь нас эрсдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-08-08 11:40:40
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Улаанбаатар, Мандалговь хотын чиглэлийн замд хоёр машин мөргөлдсөний улмаас осол гарч, гурван том хүн, нэг хүүхэд амь насаараа хохирч, бусад зорчигчид эмнэлэгт хүргэгджээ. Энэ хэрэг наймдугаар сарын 06-нд гарчээ.

Улаанбаатар-Мандалговь хот хоорондын зам эвдрэл гэмтэл их буйгаас гадна туршлагагүй шинэ жолооч анхаарал болгоомжгүй хурд хэтрүүлэн явдаг байна. Мөн Цогтцэцийгээс нүүрс ачсан хүнд даацын автомашин зорчдог болсон нь хот хоорондын замд осол гарах шалтгаан болдог гэж албаны хүн өгүүлэв.

Улаанбаатар-Мандалговь хотыг холбосон хатуу хучилттай авто зам 2013 онд ашиглалтад орсноос хойш замын арчлалт, хамгаалалтыг “Төв АЗЗА” ХХК  хариуцдаг байна.

2019 онд Улаанбаатар-Мандалговь-Даланзадгадыг холбосон замын засварын ажилд 1,2 тэрбум төгрөг баталсан бөгөөд засварын ажлыг “Авто замын машин механизм” ХХК  дөрөвдүгээр сараас гүйцэтгэж эхлэх тухай аймгийн ЗДТГ-аас мэдээлж байсан.  

“Авто замын машин механизм” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Гантулга Улаанбаатар-Мандалговь хотын зам засварын ажлыг тавдугаар сарын 15-ныг хүртэл, харин Мандалговь-Даланзадгад хотын зам засварын ажлыг улсын наадмаас өмнө дуусгахаа мэдэгдэж байсан ч засварын ажлыг дорвитой хийгээгүй байна. 

Холбоотой мэдээ