Архинд донтох өвчтэй иргэдийг албадан эмчилгээнд хамруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-08-11 12:41:01

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Архинд донтох өвчтэй иргэдийг албадан эмчилгээнд хамруулах ажлыг аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар хамтран  зохион байгуулж байна.

Тэднийг эрүүлжүүлж эмчлэх санаачилгыг иргэдийн төлөөлөл гаргасан бөгөөд санал хүсэлтийг ажил хэрэг болгож архинд донтох эмгэгтэй 19 иргэнийг албадан эмчилгээнд хамруулахаар Төв аймгийн Мааньт дахь согтуурах, мансуурах донтой этгээдийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх эмчилгээний газарт энэ сарын  07-нд хүргэжээ. 

Архинд донтох иргэдийг гурван сарын хугацаанд эмчлэхээс гадна эрүүлжүүлэх, нийгэмшүүлэх, нөлөөллийн ажлыг үе шаттай хэрэгжүүлэх гэнэ. 

Эмчилгээнд хамрагдаж буй иргэдийг эрүүл мэндийн үзлэгт оруулж, ар гэрээс нь зөвшөөрөл авч, шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчилгээнд хамруулдаг байна.

Энэ дагуу аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасгийн эмч, мэргэжилтэн, сэтгэл зүйч хамтран ажиллажээ.

Холбоотой мэдээ