Далайн ёроолоос газрын ховор элемент олборлох туршилт хийнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /NHK/. Японы судлаачид Минамиторишима арлын ойролцоох газрын ховор элемент агуулж буй далайн ёроолоос шавар олборлох туршилт хийнэ. Энэ тухай Токио хотод мягмар гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр зарласан байна.
Японы Засгийн газрын төслийн хүрээнд судлаачид ирэх
нэгдүгээр сараас эхлэн нэг сар орчим хугацаанд Японы Далай хуурай газрын шинжлэх
ухаан, технологийн агентлагийн “Чикю” хайгуулын хөлөг онгоцыг ашиглан туршилтыг
явуулах ажээ. Судлаачдын баг Номхон далайн алслагдсан арлын ойролцоох Японы
онцгой эдийн засгийн бүсэд 6000 м-ийн гүнд далайн ёроолоос шавар олборлоно.
Туршилтын үеэр шаврыг олборлох боломжтой эсэхийг тодорхойлохын тулд шинээр зохион бүтээсэн хоолой болон уул уурхайн тоног төхөөрөмжийг ашиглана.
Судлаачид мөн уг материалаас газрын ховор элементүүдийг цэвэрлэн авч,
тэдгээрийн агууламжийг үнэлэх ажээ.
Судалгааны дүнд үндэслэн 2027 оны хоёрдугаар сараас эхлэн олборлолтын туршилтуудыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Газрын ховор элемент нь өндөр технологийн салбарт нэн чухал шаардлагатай юм. Минамиторишимагийн ойролцоох ордуудыг ирээдүйн боломжит нөөц гэж үзсээр иржээ. Харин хөтөлбөрийн захирал Ишии Шойчи хэлэхдээ, шаврыг найдвартай олборлож чадахгүй л бол нөөц хэмээн үзэж болохгүй гэлээ.
Улаанбаатар