НҮБ-ын ойн төсөл үр дүн, ололт амжилтаа олон нийттэй хуваалцлаа

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-08-12 09:03:18

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Ойн сан бүхий таван аймагт хэрэгжиж буй “Ой бүхий бүс нутгийн биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх нь” төслийн үр дүнг хэлэлцэн, харилцан туршлага судлах зорилго бүхий Нөхөрлөл хөгжил туршлага судлах арга хэмжээ” аялалыг Хөвсгөл, Булган аймгуудыг дамжин  зохион байгууллаа.  

2015 оноос хэрэгжиж эхэлсэн дээрх төсөлд Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Хөвсгөл, Хэнтий аймгийн ойн санг гэрээгээр эзэмшдэг 101 нөхөрлөл хамрагдсан байна. Эл төсөл нь Ой бүхий бүс нутгийн биологийн олон янз байдлын хамгааллыг сайжруулах, хамтын оролцоотой ойн менежментийг хөгжүүлэх зорилготой бөгөөд БОАЖЯ, НҮБ-ын ХХААБ-аас хамтран хэрэгжүүлж байгаа юм. Төсөлд хамрагдсан дээрх аймгийн нөхөрлөлүүд тус таван аймгийн нутагт экологийн чухал дөрвөн бүс, усны эх бүрэлдэх 10 голын сав газар нутгийн хэмжээнд нийт долоон хувийг хариуцан хамгаалж байгаа аж. Төслийн хүрээнд Ойн нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг дэмжих, тэдний чадавх, чадамжийг сайжруулах, ойн аж ахуйн зарим арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх талаар сургалт зохион байгуулах, арга зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм.

НҮБ-ын ойн төсөл нь зөвхөн нөхөрлөл гэхгүй ой бүхий аймгуудад байрладаг Сум дундын 11 ойн анги /СДОА/ сайн дурын ойн анги/-тай хамтран ажилладаг ажээ. Тодруулбал Хөвсгөл аймагт “Дэлгэрмөрөн”, “Эрчимт-Идэр”, “Нарс шинэсэн төгөл”, “Баяншишгэд” зэрэг сайн дурын ойн ангиудыг хамруулсан байна. Булган аймагт “Хялганат”, “Булган”, “Хутаг-Өндөр”, харин Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад “Орхоны бүс” Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд байрладаг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд байрладаг Бэлчир бүсийн, Сэлэнгэ аймаг Цагааннуур суманд байрладагСэлэнгэ бүсийн”, Сэлэнгэ аймаг Мандал суманд байрладаг “Хараагийн бүсийн”, Хэнтий аймагт “Хэнтийн Шинэс”“Батширээт”“Биндэр Ой”, Дархан-Уул аймгийн Хонгор суманд байрладаг СДОА-тай хамтран ажиллаж байна.  Төслийн зүгээс дээрх СДОА-иудад мэдээллийн төвүүд байгуулан өгч, компьютер, прожектор, дэлгэц, ном, гарын авлагаар ханган ажиллажээ. Гэхдээ сонгогдсон сонгогдоогүй ялгалгүй бүх л СДОА-тай хамтран ажиллаж, инженер техникийн ажилтнуудыг чадавхжуулах сургалтанд хамруулсан байна. Төсөл хэрэгжсэн таван жилийн хугацаанд нөхөрлөлүүд төслийн үр шимийг чамлахааргүй хүртэж, хамтран олон ажлуудыг хийж хэрэгжүүлжээ. Иймээс төслийн дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгэсэн зарим үйл ажиллагаануудынхаа үр дүн, ололт амжилтыг олон нийтэд таниулах, мэдээлэл солилцох зорилгоор Булган аймгийн Хангал сум, Хөвсгөл аймгийн Түнэл, Улаан-Уул сумдыг сонгон байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлүүдийн үйл ажиллагаатай танилцах аялал хийлээ. Аяллын явцад төслийн зорилго, үр дүнтэй танилцахаас гадна байгаль хамгаалах нөхөрлөлүүд болон сум дундын ойн ангийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, ололт амжилт, хүндрэл бэрхшээлийн талаар харилцан мэдээлэл солилцсон юм.


 

Төслийн үндэсний зохицуулагч Ц.Солонго:Ойн менежментийн төлөвлөгөөгөө 10 жилээр гарган ажиллаж байгаа нь харьцангуй тогтвортой байдал нь хангагдаж байгаа юм 

 

-НҮБ-аас хэрэгжүүлсэн ойн төсөл таван аймагт хэрэгжиж байгаа юм байна. Төслийн өгөөжийг хүртсэн нөхөрлөлүүд нэлээд үр дүнтэй ажиллаж байгаа нь үйл ажиллагаанаас нь харагдлаа. Ер нь төслийн зүгээс ямар дэмжлэг үзүүлж ажилласан талаараа тодруулаач?

-Бид өнгөрсөн хугацаанд төслийн дэмжлэгтэй хэрэгжүүлсэн үйл ажиллагаануудын үр дүн ололт амжилтыг олонд таниулах, мэдээлэл солилцох зорилгоор ойн нөхөрлөлүүдийн туршлага солилцох уулзалт, зөвлөлгөөнийг Хөвсгөл аймагт анх удаа зохион байгууллаа. Ер нь нөхөрлөлүүд тогтвортой байх нь тэдний санхүүтэй холбоотой юм. Бид төсөл хэрэгжиж байх хугацаанд нөхөрлөлүүддээ маш олон төрлийн сургалт зохион байгуулж өгсөн байдаг. Тухайлбал бизнес төслийг хэрхэн яаж бичих вэ?, зах зээлийг яаж таних вэ, зЗах зээлд ямар бүтээгдэхүүн эрэлт хэрэгцээтэй байна гэдгийг мэдэх сургалтуудыг өгсөн. Манай төслийн гол онцлог нь сургалт зохион байгуулаад орхиогүй. Үүнийхээ дараа нөхөрлөлүүдийнхээ дунд жижиг төслийн уралдаан зохион байгуулсан. Энэ хүрээнд бид нөхөрлөлүүдээс нийт 32 төсөл сонгон шалгаруулж, өөрт хэрэгтэй байгаа тоног төхөөрөмж, түүхий эд материалаа авахд нь зориулж санхүүгийн дэмжлэг өгсөн. Энэ маань бизнесийн эхлэлийг хийх гол эх үүсвэр болсон. Энэ утгаараа түрүүчийн нөхөрлөлүүд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, зах зээлд танигдаад ирсэн. Ганц орон нутагтаа бус Улаанбаатар, Эрдэнэт хотуудад борлуулж байна. Түүнээс гана бид нөхөрлөлүүдийнхээ бүтээгдэхүүнийг зах зээлд ойр байлгах үүднээс Хэнтийд үйлдвэрлэв, Булганд үйлдвэрлэв гэсэн жижиг худалдааны төвүүдэд дэмжэг үзүүлж хамтарч ажиллаж байгаа.

-Төсөл дуусах шатандаа явж байгаа гэсэн. Цаашид үлдсэн хугацаанд ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ. Төсөл дууслаа гэхэд нөхөрлөлүүдийн тогтвортой байдалд хэр нөлөөтэй үлдэх вэ?

-Нөхөрлөлүүд маань хууль эрх зүйн хувьд хэтэрхий их үүрэгтэй, эрх бага хязгаарлагдмал байдаг. Иймээс төслийн хүрээнд хууль эрх зүйг боловсронгуй болгох чиглэлээр нэлээд судалгааны ажлуудыг хийсэн. Мөн БОАЖЯ-тай хамтаад судалгаануудыг одоо ч гэсэн хийсээр байгаа. Төсөл хэрэгжиж байгаа хугацаандаа сүүлийн 6 сарын хугацаанд бид илүү бодлогын чанартай асуудалд нэлээд анхаарья гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Нөхөрлөлүүд цаашдаа олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжээд дууслаа гэхэд тогтвортой байдал нь алдагддаг. Иймээс цаашид тогтвортой хэрэгжүүлэхийн тулд аймаг бүрт нөхөрлөлүүдийн холбоог дэмжин ажиллаж байгаа. Гэхдээ байгуулахад нь төсөл оролцохгүй, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж оролцоно. Манай төсөл хэрэгжиж байгаа 5 аймгийн дөрөвт нь нөхөрлөлүүдийн холбоо байгуулагдсан. Манай төсөл дан ганц нөхөрлөлүүдийн холбоо гэж ТББ-тай хамтрах биш аймгуудын БОАЖГ, сум дундын ойн ангиудтай хамтран ажиллаж, дэмжиж байна. Бид 15 сум дундын ангиудад мэдээллийн төв байгуулан өгч, арга зүйн зөвлөгөө өгсөн. 54 нөхөрлөл ойн менежментийн төлөвлөгөөгөө 10 жилээр гарган ажиллаж байна. Энэ маань харьцангуй тогтвортой байдал нь хангагдаж байна гэсэн үг. Энэ байдлаа бид сум орон нутгийнхаа удирдлагуудад танилцуулсан. Мөн сум дундын ойн ангиуд хэрэгжилтэнд дэмжлэг өгч ажиллаж байгаа.   

 

Холбоотой мэдээ