Франц улстай аялал жуулчлалын чиглэлээр хамтарч ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-08-12 17:22:07

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Филипп Мэрлин Өвөрхангай аймагт айлчлах үеэрээ аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллах хүсэлт тавьлаа.

Тэрбээр аймгийн удирдлагуудтай уулзаж, хоёр талаас хамтран хэрэгжүүлж буй төслүүд болон цаашдын хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар ярилцсан юм. Өвөрхангай аймаг Франц улсын Аллиьер мужтай 2001 оноос эхлэн хамтын ажиллагаа тогтоосон бөгөөд өнгөрсөн хугацаанд эрүүл мэнд, хөдөө аж ахуй, боловсролын салбарт тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлжээ. Ялангуяа эрүүл мэндийн салбарт тогтвортой хамтран ажиллаж, багагүй төслүүд хэрэгжүүлсэн нь үр өгөөжөө өгч байгааг хоёр тал онцоллоо. Тухайлбал, Өвөрхангай аймгаас 80 орчим хүн Франц Улсад мэргэжил дээшлүүлсэн ба тус улсаас нарийн мэргэжлийн эмч нар ирж төрөл бүрийн мэс засал, хагалгааны аргыг аймгийн эмч нарт заан сургажээ.

“Цаашид аялал жуулчлалын чиглэлээр хамтарч ажиллах хэрэгцээ байгааг олж харсан. Жуулчдын сонирхлыг татдаг гол аймгуудын нэг учраас аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар аймгийн эдийн засгийг нэмэгдүүлэх боломжтой юм. Үүний тулд орон нутаг төдийгүй Засгийн газраас ч олон зүйлийг хийж хэрэгжүүлэх хэрэгтэй” хэмээн элчин сайд Филипп Мэрлин хэлж байв. 

Холбоотой мэдээ