Хонины ноос хяргагч мэргэжлийн багш нарыг бэлтгэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. “Хонины ноос хяргагч”-аар суралцагчдын ур чадварыг бататгах зорилго бүхий “Хонины ноос бэлтгэлийн чанарыг сайжруулах олон улсын давтан сургалт” Ховд аймгийн Мөст суманд болов.
Харин “Хонины ноосны бэлтгэлийн чанарыг сайжруулах нь” сэдэвт сургагч багш бэлтгэх практик сургалт энэ оны зургадугаар сард Ховд аймгийн Зэрэг суманд болж байсан бол энэ удаа сургалтад оролцсон малчид, мастер болон туслах ноос хяргагч нар шинээр эзэмшсэн мэдлэг, ур чадвараа бататгах зорилгоор давтан сургалтад Ховд аймгийн Мөст суманд хамрагдсан байна.
НҮБ-ын Аж үйлдвэр
хөгжлийн байгууллагын "Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслөөс Ховд аймгийн “Алтайн Уулсын Оргил” дундын хоршоотой хамтын ажиллагааны
гэрээ байгуулж, тус хоршооны гишүүн малчдад 100 гаруй сая төгрөгийн
санхүүжилтээр хонь хяргах багц тоног төхөөрөмж бэлэглэжээ.
Сургалтад Ховд, Архангай, Дундговь аймгийн хоршоодын нийт 40 гаруй малчин, МСҮТ-ийн багш нар оролцож Австрали, Шинэ Зеланд , Монгол багш нар сургагч багшаар ажилласан юм.
Нэг хүн дунджаар 20-25 минутад ноос хяргаж байсан бол сургалтын төгсгөлд үүнээс хоёр дахин бага хугацаанд ноос хяргах арга барилыг эзэмшсэн аж.
Сургалтын төгсгөлд суралцагчдын ур чадвар, дадлыг үнэлж ХХААХҮЯ, Европын холбоо, НҮБ, “Алтайн Уулсын Оргил” дундын хоршоо хамтран “Мэргэжлийн хяргагч” багшийн гэрчилгээ олгов.
Ингэснээр “Алтайн
Уулсын Оргил” дундын хоршооны гишүүд, эдгээр сургагч багш нар хамтран улсын хэмжээнд хонины ноос машинаар хяргах
сургалт зохион байгуулах боломжтой.
Сургалтын үр дүнд хонины ноосны гарц нэмэгдэх, ноос бэлтгэлийн чанар сайжрахын зэрэгцээ үйлдвэрлэлийн зардал буурах, бэлтгэн нийлүүлэгч болон үйлдвэрлэгчдийн хоорондын бизнесийн үр ашиг нэмэгдэх, орон нутагт ноосны нэмүү өртгийн сүлжээнд шинэ бизнесийн загвар, шинэ ажлын байр бий болох, ноос бэлтгэлийн чанарыг сайжруулах ач холбогдолтой. Мөн мал эмнэлгийн үйлчилгээний чанар сайжрах аж.


