Хоёр мотоцикл мөргөлдөж, зорчигч нас баржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-19 11:00:55
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн алба өнгөрсөн амралтын өдрүүдэд 477 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 327 зөрчлийг шалгажээ. Бүртгэсэн ослын улмаас нийслэлд 15 хүн бэртэж, хоёр хүний амь хохирсон бол орон нутагт гурван хүний амь хохирчээ. 


Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, энэ сарын 18-ны 19.20 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг "Ачмаг нуур" гэх газар засмал замд "Mitsubishi Colt" загварын автомашин онхолдож, зорчигч 18 настай эмэгтэйн амь хохирчээ. Мөн тухайн өдрийн 19.40 цагийн орчимд Төв аймгийн Борнуур сумын төв, Петровис ШТС-ын хойно засмал замд улсын дугааргүй "Мустанг-5" загварын мотоцикл "Dayun" загварын мотоциклтой мөргөлдөж, 33 настай зорчигчийн амь хохирсон байна. 


Иймд жолооч нар бусдад аюул осол үүсгэхгүй, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, ялангуяа орон нутгийн замд хурд хэтрүүлэхгүй зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас сануулж байна.

Холбоотой мэдээ