Өрхийн эмнэлгийн барилгыг өргөтгөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-08-21 13:20:41

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Түвшинхолбоо өрхийн эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын ажлыг эхлүүллээ. Тус өрхийн эрүүл мэндийн төв нь Дархан сумын 1,2,3 дугаар багийн 13 гаруй мянган хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг юм. Жил ирэх бүр хүн ам өсөн нэмэгдэж өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэх иргэдийн тоо өсч байгаатай холбогдуулан үйл ажиллагааг тэлэх, барилгыг томсгох шаардлага бий болсон аж.

Тиймээс өрхийн эрүүл мэндийн төвөөс аймаг орон нутгийн удирдлагууд болон УИХ-ын гишүүдэд уламжилсаны үр дүнд өргөтгөлийн барилгын ажлыг улсын төсвийн 259.8 сая төгрөгөөр хийж гүйцэтгэхээр болжээ.

Барилгын ажлын гүйцэтгэгчээр “Сигма эс” ХХК шалгарч 2019 оны 11 дүгээр сард ашиглалтад хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулсан байна. Тухайн 3 багийн нийт хүн амын 40 гаруй хувь нь хүүхэд, ахмад настнууд байдаг аж. Ийнхүү үе шаттайгаар өрхийн эмнэлгийг өргөжүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүлээгдэл, иргэдэд үзүүлэх чирэгдлийг бууруулж буйд тус багийн иргэд болон өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажиллагсад талархалтай байв.

Шав тавих ёслолд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал, аймгийн ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл нарын холбогдох албаныхан болон тус багийн иргэд оролцлоо.

Холбоотой мэдээ