“Uber”-ийн өрсөлдөгч “Bolt” Европын хоол хүргэх бизнест хөл тавьжээ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2019-08-21 13:57:19

ТАЛЛИН. /Reuters/. Зүүн Европ, Африкт такси үйлчилгээ үзүүлдэг “Bolt” компани Эстонийн нийслэл Таллин хотод хоол хүргэх үйлчилгээг лхагва гарагаас нэвтрүүлж эхэлжээ. Цаашид “Bolt Food” үйлчилгээгээ Өмнөд Африк, Латви, Литвад нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.  


Шинээр байгуулагдсан компаниуд болон такси үйлчилгээний компаниудын олон жилийн турш үйл ажиллагаа явуулсан хоол хүргэх зах зээлд Эстонийн “Bolt” компани сүүлд нэвтэрч буй нь энэ юм. Тус компанийн хувьд хэрэглэгчдэд бага үнэтэй бүтээгдэхүүнүүдийг хүргэхэд голчлон анхаарах гэнэ.


“Энэ бол өрсөлдөөн ихтэй зах зээл. Гэсэн хэдий ч манай компани дэлхий даяар 25 сая гаруй хэрэглэгчтэй тул тун удахгүй хөлөө олно хэмээн найдаж байна” гэж “Bolt” компанийн төлөөлөгч Евгений Кабанов хэлжээ.


2019 оны эхэн үе хүртэл “Taxify” нэртэй байсан “Bolt” унаа дуудах үйлчилгээнд зөвхөн таксинаас гадна өөр олон сонголтыг бий болгож, Африкт мотоциклын үйлчилгээ, зарим хотод скүтерийн түрээсийн үйлчилгээг санал болгож эхэлсэн хэдий ч автомашины үйлчилгээтэй харьцуулахад хамрах хүрээ бага байгаа ажээ.

Холбоотой мэдээ