Бүх нийтийн марафон гүйлтийн тэмцээний шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-08-26 12:03:26

Ховд /МОНЦАМЭ/. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих анги санаачлан "Ховд марафон-2019" бүх нийтийн гүйлтийн тэмцээн зохион байгууллаа.

“Зөв санаа, зөв үйлдэл бүрийг бид дэмжинэ” уриан дор зохион байгуулсан тус тэмцээнд ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл 480 гаруй иргэн оролцож, аймгийн төв талбайгаас таван км зайд уралдсанаар шилдгүүд тодорлоо.

Марафон гүйлтийн тэмцээний тэргүүн байрт 23 настай иргэн Д.Буянхишиг /Жаргалант сумын Бичигт баг, Ховд их сургууль/, дэд байрт Ч.Сүхбат /Мөнххайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийн сурагч/, гуравдугаар байрт Г.Дэлгэрмөрөн /Мөнххайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн сурагч/ нар тус тус шалгарч, батламж, мөнгөн шагнал гардан авав. Мөн тэмцээний эхний 50 байрт шалгарсан иргэнд  мөнгөн шагнал гардуулсан юм.

"Ховд марафон-2019" бүх нийтийн гүйлтийн тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Ховд аймгийн ЗДТГ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Жаргалант сумын ЗДТГ, БОЭТ ажилласан бөгөөд Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Биеийн тамир, спортын газар, Турлиахт ХХК, Од–Цэ ХХК зэрэг байгууллага дэмжин ажиллав.   

Энэ удаагийн тэмцээн хүүхэд, залуучууд, ахмад үе, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, алба хаагчдын дунд нийтийн биеийн тамир, спортыг дэмжих, марафон гүйлтийн спортыг хөгжүүлэх, иргэдийн эрүүл мэнд, бие бялдрыг хамгаалах, улмаар хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшүүлэхэд чухал ач холбогдолтой гэж  албаныхан үзэж байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдрийг тохиолдуулан орон нутагт анх удаа бүх нийтийн марафон гүйлтийн тэмцээн зохион байгуулснаараа онцлогтой аж.

Холбоотой мэдээ