Цахим тоглоомын газруудад стандартын хэрэгжилт 60 орчим хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-08-26 12:29:41

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Онцгой байдлын газрын хамтарсан ажлын хэсэг аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг компьютер тоглоомын газруудад өнгөрсөн долоо хоногт хяналт шалгалт хийжээ.

Хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилготой уг хяналт шалгалтад "РС-4", "Java", "Берд", "S3-PC", "Фокус", "Play-Station", "Наз" зэрэг нэр бүхий долоон цахим тоглоомын газрыг хамруулсан байна. Шалгалтаар эдгээр газарт “Интернэт кафе, цахим тоглоомын үйлчилгээний байранд тавих шаардлага” MNS 6430:2014 стандартын нийт 26 заалтаас 18 заалт нь 70-аас дээш хувийн хэрэгжилттэй, найман заалт нь 50-аас доош хувь, стандартын дундаж хэрэгжилт 59,4 хувьтай гарчээ.

Хяналт шалгалтын үр дүнд хоёр тоглоомын газрын үйл ажиллагааг стандарт, журмын хэрэгжилтийг хангах хүртэл долоо хоногийн хугацаагаар түр зогсоож, нэг тоглоомын газарт Зөрчлийн тухай хуулийн хүрээнд 300 мянган төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ тооцжээ. Мөн нэг тоглоомын газраас илэрсэн зөрчлийг хяналт шалгалтын явцад арилгуулж, газар дээр нь цэвэрлэгээ халдваргүйтгэл хийлгүүлсэн байна.

Холбоотой мэдээ