Америк, Францын Сангийн сайд нар дижитал татварыг хэлэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-26 13:21:40

БИАРРИЦ. /Associated Press/. Дижитал үйлчилгээ санал болгож буй томоохон компаниудад татвар ногдуулах тухай Францын эрх баригчдын баталсан хуулийн төслийг Америк, Францын Сангийн сайд нар “Их-7” бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцжээ.


Энэхүү уулзалтад Францын Эдийн засаг, сангийн сайд Брюно Ле Мэр, АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин, АНУ-ын Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер, Цагаан ордны Үндэсний эдийн засгийн зөвлөлийн тэргүүн Лоуренс Кудлоу нар оролцсон байна. Энэхүү яриа хэлэлцээний гол зорилго нь Францын эрх баригчид дижитал татвар ногдуулсантай холбоотой АНУ-ын эрх баригчдын дунд үүссэн хурцадмал байдлыг намжаахад чиглэгджээ.  


Францын эрх баригчид дижитал татвар ногдуулсны хариуд тус улсын дарсанд гаалийн татвар ногдуулж магадгүй байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн баасан гарагт мэдэгдсэн байна.


Дижитал үйлчилгээ санал болгож буй томоохон компаниудад татвар ногдуулах тухай хуулийн төслийг Францын Сенат 7 дугаар сарын 11-нд эцэслэн баталжээ. Худалдааны эргэлт нь дэлхий дахинд 750 сая евро, Францад 25 сая евро давж буй бүх компани болон үйл ажиллагаа нь интернет сурталчилгаа, интернет худалдааг хамардаг компаниудад энэхүү татвар үйлчлэх аж. 

Холбоотой мэдээ