М.Дуламжав: Олборлох үйлдвэрлэлээс олон нийт ашиг хүртдэг үү?

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-08-27 11:24:08

Завхан /МОНЦАМЭ/. Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд Завхан аймагт уул уурхайн олборлолт явуулж буй Баян Айраг эксплорэйшн ХХК-ийн талаарх мэдээлэл цахим орчинд анхаарлын төвд байгаа билээ. Тиймээс Завхан аймгийн олборлох салбарт мониторинг хийх, уул уурхайн бүс нутагт ажиллаж амьдарч байгаа малчин эмэгтэйчүүдийг чадавхжуулах дэд төслийг хэрэгжүүлж байгаа эмэгтэйчүүдийн "Өрнөх Хөгжил" ТББ-ын тэргүүн М.Дуламжаваас тодруулга авлаа.


-Сайн байна уу? Өдрийн мэнд хүргэе. Танай төрийн бус байгууллагаас Завхан аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компанийн олборлолт хийж буй бүс нутгийн малчин эмэгтэйчүүдийг чадавхжуулах дэд төслийг хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд уул уурхайн компаниудын мэдээллийг ил тод болгох, мэдээллийг иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулж байгаа юм байна. Тэгэхээр Завхан аймагт уул уурхайн хэдэн компани үйл ажиллагаа явуулж байгаа вэ?

-Манай ТББ сүүлийн гурван жил уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй компаниудын бичиг баримт болон хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэхэд тандалт судалгаа хийж иргэдийг мэдээллээр хангаж байна. Өнөөдөр Завхан аймагт АМГТГ-ын 2019-01-07 байдлаар гаргасан кадастрын бүртгэлээр уул уурхайн 63 компани 71 тусгай зөвшөөрлөөр 8,253,959.20 га газар эзэмшиж байна.

Үүнээс 442,655.05 га буюу 5,36 хувь ашигт малтмалын талбай байна. Энэ нь бага тоо харагдаж байгаа боловч бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг манай нутгийн хувьд анхаарах ёстой асуудал юм. Эдгээр 71 тусгай зөвшөөрлөөс хамгийн олон нь Ургамал суманд 21, Дөрвөлжинд 16, Завханмандалд 18, Эрдэнэхайрханд тав, Сантмаргац суманд тав, Шилүүстэйд найм, Цагаанчулуутад тав гэхчлэн тусгай зөвшөөрөл байна. Уул уурхайгүй байсан Завхан аймаг аль хэдийн уул уурхайд өртсөн аймаг болоод буй баримт энэ юм.

-Эдгээр уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүдээс орон нутгийн төсөвт тодорхой хэмжээний албан татвар төлж байгаа байх?

-Тиймээ уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүдээс орон нутгийн төсөвт тодорхой хэмжээний албан татвар төлсөн байгаа. Тухайлбал 2018 онд төвлөрүүлсэн барьцаа, албан татвар, хураамжийг та бүхэнд дуулгая. Жишээлбэл 2014 оноос эхлэн алтны олборлолт явуулж байгаа Баян Айраг Эксплорэйшн ХХК нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт -157,228,241 төгрөг, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварт-506000, Газрын төлбөрт-274,437,840, Ус ашигласны төлбөрт-225,025,597, Ус бохирдуулсны төлбөрт-35,208,160 төгрөгийг тус тус төлсөн байна. “Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги” гэдэгчлэн Монгол орны усны нөөцийн хоёрхон хувийг эзэлдэг гүний цэвэр усыг өнөөдөр тус компани ашиглаж байгаа нь хэдхэн жилийн дараа усны хомсдолыг бий болгох эрсдэлийг бий болгоод  байна. Бид алтгүйгээр хэдэн ч жил амьдарч чадна. Харин усгүйгээр нэг ч хоног амьдрахгүй билээ. Баян Айраг Эксплорэйшны төлсөн усны үнээр хэдэн жилийн дараа бид хаанаас ус худалдаж авах бэ? Гэсэн асуулт иргэн бүрд байна. 

Мөн 2016 оноос Ургамал суманд хууль бусаар ажиллаж эхэлсэн Форс Голд Майнинг ХХК нь 2018 онд Газрын төлбөрт-11,470,509, Ус ашигласны төлбөрт-6,481,810, Байгаль хамгаалах зардлын 50 хувийг тусгай дансанд-1,177,500 төгрөг шилжүүлсэн байна. Форс Голд Майнинг ХХК нь 2016-2017 онд хууль бусаар үйл ажиллагаа явуулахдаа Ургамал суманд таван гүний худаг гаргаж, Ургамал сумын ЗДТГ-аас 2018 онд олгосон ундны болон хайгуулын усны зөвшөөрлийг хэтрүүлэн ус ашигласны зэрэгцээ тоолуургүй худгаас хулгайгаар гүний ус ашиглаж байсан нь нотлогдож, ус ашигласны багахан төлбөр төлж нутгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, цэвэр усаар хангагдах эрхийг ноцтойгоор зөрчсөн байгаа тухай бид төслийн явцад баримтжуулсан байгаа.  

Түүнчлэн Ургамал суманд үйл ажиллагаа явуулсан Эйжаминералз ХХК нь Газрын төлбөрт-160000, Ус ашигласны төлбөрт-62812 төгрөг төлжээ. 2018 онд Шижир-Алтай майнинг ХХК нэртэйгээр 10 гаруй гэр барьж хайгуул өрөмдлөг хийж байсан газар нь өвгөдийн нутаглуулдаг, хөндөж хүрдэггүй, хойч үеийнхэн нь хүндэтгэл илэрхийлж, хүслээ шивнэж, сүүгээ өргөдөг нутаг нь байна. Уул уурхай ухаад эхэлбэл юу болох бэ? Гэсэн асуулт өнөөдөр нутгийн иргэдийг айдаст автуулаад байгаа. Харин түгээмэл тархацтай ашигт малтмал давсны орд болох Сантмаргац суманд ашиглаж байгаа Монгол хан хоршоо нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт-102000, Газрын төлбөрт-176000, түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт-1534600, байгаль хамгаалах зардлын 50 хувийг тусгай дансанд -200000 төгрөг тус тус төлсөн байна.

-Тэгэхээр эдгээр мэдээллийг иргэд өмнө нь мэддэггүй байсан юм болов уу?

-Хэдийгээр дээрх мэдээллүүд нээлттэй ил тод байх ёстой ч сум, аймгийн удирдлагууд, мэргэжлийн байгууллагууд, багийн ИНХ-аас уул уурхайтай холбоотой тайлан мэдээ мэдээллийг иргэдэд өгөхдөө хойрго ханддаг. Энэ талын мэдээллийг олон нийтэд ил тод мэдээлэх үйл ажиллагаа сул хийгддэг. Иргэд хүсвэл мэдээллийг өгдөг нь төслийн явцад ажиглагдсан. Мөн манай малчин иргэд, ялангуяа эмэгтэйчүүд олон нийтийг хамарсан шийдвэр гаргах түвшний хурал, багийн иргэдийн нийтийн хурал, нийтийн сонсголд оролцох нь хойрго байна. 

-Танай төсөл хэзээ дуусах вэ?

-Төсөл 11 дүгээр сард дуусна. Гэхдээ бид уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй компаниудтай хэрхэн харилцах, малчин эмэгтэйчүүдийг эрхээ хамгаалахад нь үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ. Тухайлбал олборлох салбарын хууль эрх зүйн мэдлэг ойлголт өгөх, тэднийг эрхээ хамгаалахдаа хэрхэн эвлэлдэн нэгдэж хуулийн дагуу асуудлыг баримт бичгийн хүрээнд тавьж сурах гэхчлэн олон талын мэдлэг ойлголтыг өгч байгаа. Уул уурхайн компаниудын хуулиар олгогдсон хэм хэмжээ үйл ажиллагааны ил тод байдлын тухай мэдээллийг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдэд үргэлжлүүлэн өгнө. 

Холбоотой мэдээ